Ногоон барилгын төслийн талаар санал солилцлоо

Ногоон барилгын төслийн талаар санал солилцлоо


7 жил

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн бөгөөд Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн хотуудын санаачлага хөтөлбөрийн удирдагч Жессе Ангтай уулзлаа. Тэд ногоон барилгын төслийн талаар санал солилцов.

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хот Олон улсын санхүүгийн корпорацитай олон жил хамтран ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол чиглэл нь ногоон хөгжил, эрчим хүчний хэмнэлт. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон зорилтуудыг тусгасан. Манай хотын иргэдийн 60 хувь нь цэвэр бохир, дэд бүтцэд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Хүн ам эрчимтэй өсч байна. Тиймээс ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих шаардлага бий. Бид ногоон бодлого хэрэгжүүлж, ногоон хот болохын төлөө ажиллаж байна.” гэлээ.

Олон улсын санхүүгийн корпорацийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн Жессе Анг цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлээд “Бид Улаанбаатартай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Гэр хорооллыг ногоон болгох нь чухал асуудал. Бид ногоон барилгын чиглэлээр олон улсад ажилладаг. Өнөөдрийн байдлаар Азийн 6 улсад ажиллаж байна. Монгол Улсад ажиллах хугацаандаа Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамтай хамтарч байгаа. Ногоон барилгын төслөө хэрэгжүүлэхдээ хотын зүгээс гаргасан дүрэм журам, бодлогод нийуүүлэх болно.” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ногоон барилгын чиглэлээр хамтарч ажиллахад Улаанбаатар хот бэлэн бөгөөд сайн туршлага нэвтрүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү