Я.Санжмятав: Баттулга шиг зүрх сэтгэлтэй хүн л энэ том бүлэглэлийн эсрэг сөрж зогсч чадна

Я.Санжмятав: Баттулга шиг зүрх сэтгэлтэй хүн л энэ том бүлэглэлийн эсрэг сөрж зогсч чадна


7 жил

Завханчууд маань их хурлын сонгуулиар ялж болсон юм чинь Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялж болохгүй гэж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүч тэнцвэргүй нөхцөлд явагдаж байгааг та бүхэн мэдэх байх аа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хонож байна. Нөгөө хоёр нэр дэвшигч маань онгоцоор нисээд байгаа. Шунгинасан онгоцоор алслагдсан аймгууд руу ганц цаг ч хүрэхгүй хугацаанд нисээд оччихно. Сонирхоод иргэний нисэх рүү, хувийн авиа комданиуд руу хандсан юм. Агаарт нисдэг хамаг л онгоцыг нь аваад явчихаж. Нэг жижигхэн нисдэг тэрэг байсныг нь Энхбаяр гуайн талынхан мөнгө зоосыг нь төлөөд түрүүлээд авчихсан сурагтай. Ингээд манай хүнд нисдэг тэрэг олдохгүй болов оо. Гэтэл нэр дэвшигч маань хэлж байна “Юун төлөө дөрвөн жил зам харгуйгаа сайжруулсан билээ” гээд газраар явахаар болж одоо 15 дахь аймагтаа ирээд байна. Өчигдөр орой Увс аймгийн иргэд сонгогчидтой уулзалт хийгээд шөнө 12:00 цагт наашаа гарлаа гэж байсан. Өнөө өглөө 07:00 цагт ирчихсэн байж байгаа юм. Арваадхан хоног арав гаруй аймгийг газраар туулж барна гэдэг ихээ эр зориг, сэтгэл зүтгэл юм шүү. Одоо ийшээ алзахгүй ээ. Ардчилсан нам дөрвөн жил засаг барихдаа аймаг, орон нутгийг засмал замаар холбохоор чамгүй ажил өрнүүлсэн. Үүний үр дүнд хамгийн зах нь энд, Тосонцэнгэлд ирээд байна. Хийсэн бүтээсэн юман дээгүүрээ яваад аймгуудаар тойрчихно гэдэг сайхан юм. 1.5 тэрбум ам.доллар босгоод салхинд хийсгэчихлээ, ард түмэнд ачаа үүрүүллээ гээд л байсан. Одоо хар л даа. Аймгууд автозамаар холбогдлоо. Асар их эдийн засгийн хэмнэлт хийж, үр өгөөжөө өгч байна. Дарга нар дээгүүр нисээд явчихаж байгаа хойно үүнийг ойлгож танихгүй, олж харахгүй биз. Тиймдээ ч энэ бол ард түмний зам юмаа.

“Санжмятав яагаад ерөнхий менежер болчихов” гээд гайхаж байгаа байх. Миний зүгээс өнөөгийн Монголын төрд хамгийн хэрэгтэй хүмүүсийн нэг бол Баттулга гэж харсан. Манай нам олон сайхан лидерүүдтэй. Олон сонголт байсан, ард иргэд, гишүүд дэмжигчдээсээ асуусан. Цаг үеэ харвал эх орноо гэх сэтгэлтэй, эрс шийдэмгий, хүчирхэг хүн хэрэгтэй байна. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам Баттулгыгаа сойж байна. Үнэхээр зориг зүрхтэй, энэ том мафижсан бүлэглэлийн өмнөөс сөрж чадах, ард түмнийхээ талд зогсч чадах хүн хэрэгтэй байсан.

Арван хэдхэн настай хүн оёдлын машины ард суугаад, аав ээжийгээ тэжээж эхэлсэн. Нойроо хугаслаж, хөлс хүчээ урсгаж байж олж идсэн хоол ямар амттай байдгийг мэдсэн хүн. Үүний дараа спортоор хичээллэж, Гавьяат тамирчин болж бахархал болсон жүдочдыг төрүүлж, Монгол Улсын олимпын анхны алтан медалийг авчирсан. Зөвхөн жүдо бөхийн хөгжилд 20 гаруй тэрбум төгрөгийг хувиасаа зарцуулсан байдаг. Ийм сэтгэл зүрхтэй хүнийг дэмжиж тулах нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тиймээс ерөнхий менежрээр нь ажиллаж байна.

2008 оны долдугаар сарын 1 монголчуудын хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр байсан. Тавын таван хүний эрдэнэт амь эрсэдсэн, эх хүний нулимс урссан, төр нь иргэн рүүгээ буу шагайсан, аминд нь хүрсэн ийм муухай өдөр байсан. Тэр үхэж үрэгдсэн хүмүүсийн араас уйлж гасалж дуусаагүй байхад айдаст автсан нийгмийг хэн гэрэл гэгээгээр сүлсэн билээ, Түвшинбаяр. Энэ хүний хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүн нь Баттулга. Энэ утгаараа Баттулга тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө их зүйл хийсэн. Эл алдар гавьяаг нь одоо ойлгож танихгүй хүн байж болох ч хожим үнэлэгдэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний бие олон арван төсөл дээр Баттулгатай хамт ажиллаж байв. Юм хийж бүтээхийн төлөө бид хоёр хөлөө хүрэх газартаа гүйсэн дээ. Би ч яахав гуйж гувшиж нэг үзнэ. Баттулга харин микрофон бариад үзчихдэг хүн л дээ. Төмөр замын төслийг явуулахын тулд олон ч удаагийн Засгийн газрын хуралдаан дээр ганцаараа сөрж зогссон нь бий. Энэ ажлыг зориудаар гацааж, зогсоогоогүй бол манай Засгийн газар төмөр замаа тавиад дуусчихсан байх байсан. Гадна дотны экспертүүд, аудит оруулаад шалгасан. Төмөр замын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй гэсэн хариу өгсөн. Энэ бол том амжилт. Далан тавьж байж л зам тавьдаг. Давтана, ухна, шороогоо асгана. Дийлэнх зардал нь тэнд зориулагдаж байж суурь далангаа босгодог юм. Ялангуяа төмөр замын тээвэр гэдэг зүгээр нэг чиргүүлтэй машин явах зүйл биш шүү дээ. Нэг тэргэнцэр 60 тоннын багтаамжтай гэхээр 50 цуваа угсармал вагон чирч явах далан шүү дээ. Баттулга өөрөө хөрөнгө гаргаж байж энэ ажлыг эхлүүлсэн шүү дээ. Ийм зүрх зоригтой, цөстэй хүн ховор шүү. Эрх баригч нам эх орон, ард түмнээ л гэдэг юм бол одоо гүйцээ л дээ тэр ажлыг. Эсвэл гүйцээх нөхцөл боломжоор нь хангаад өг л дөө. Даланг нь тавиад өглөө. Та нарт мөнгө нь байна, эрх мэдэл нь байна. Яагаад явуулж болохгүй гэж.

“Амлалтын цуурай тасраагүй байна” гэж Бямбасүрэн гуай хэлсэн. Амаар нь гартал амлалт өгч эцэстээ энэ бүхнээсээ няцсан. Амлалтуудаас нь ганц нэгийг нь хэлье. Гаднаас зээл авахгүй, татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгө хасахгүй, тэтгэврийн насыг бууруулна, оюутны зээл олгоно, үйлдвэржилтийг дэмжинэ гэсэн. Үүнийг хэнээс нэхэх ёстой юм. Энэ намыг толгойлж буй Энхболд гэх хүнээс нэхэх учиртай. Бүтэн жил өнгөрлөө. Амлалтаа биелүүлэхийн оронд харин ч эсрэгээр нь хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эцэстээ төрийн албыг бүхэлд нь худалдан арилжсан. Ийм байхад энэ хүмүүсээс юм горьдож сууна гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхдэгийн үлгэр биз ээ. Тиймээс дураараа дургисан энэ төрд хяналт тавьж, хүч тэнцүүлж чадах хүчирхэг Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Эх орон, тусгаар тогтнолоо титэм мэт тэргүүндээ өргөсөн эх оронч Ерөнхийлөгч хэрэгтэй. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү