Ардчилсан нам Доржзодовын талаар мэдэгдэл хийлээ

Ардчилсан нам Доржзодовын талаар мэдэгдэл хийлээ


7 жил

   Ардын намын удирдлагууд албан тушаалын наймаа хэрхэн хийх тухай, сонгуулийг хэрхэн луйвардаж болох тухай ярилцсан 90 минутын бичлэг олон нийтэд ил болоод буй. Хэдийгээр МАН-ынхан эвлүүлэг хэмээн зүтгэж байгаа ч тус бичлэгийг олон нийтэд ил болгосон Доржзодов гэх залуу бусад баримтыг ээлж дараалан дэлгэсээр буй юм. Тэгвэл өнөө өглөө түүнийг баривчлахаар цагдаагийнхан Хан-Уул дүүргийн Оргил хотхоныг бүслээд буй юм.

Учир нь Доржзодов “Оргил” хотхонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан аж.

  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар Завхан аймагт хэвлэлийн хурал зарлан, мэдэгдэл хийлээ.

 Мэдэгдэл

 МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй мөн түний зөвлөх А.Ганбаатар нарын Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр худалдсан, сонгуулийн хар машиныг хакердсан талаархи бичлэгийг олонд ил болгосон иргэн Г.Доржзодовыг эрх баригчид нэг жилийн хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгөж, амь нас гэр бүлийн аюулгүй байдалд нь удаа дараа заналхийлж буй үйлдлийг Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан иргэний эрх рүү халдаж буй үйлдэл гэж Ардчилсан Нам үзэж байна.

Эрх баригчдын энэхүү үйлдэл ард иргэд сонголтоо хийх гэж буй хариуцлагтай үед улам эрээ цээрээ алдан иргэн Г.Доржзодовыг илтэд хууль бусаар баривчлан, хэлмэгдүүлэхээр улайрч байгаа явдал бидний 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгалын үнэт зүйлрүү хийж буй дайралт гэж дүгнэхэд хүргэлээ. МАН-ын удирлагууд, тэдний гар хөл болсон хууль хүчний байгууллагуудыг ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн энэхүү хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож мөн иргэн Г.Доржзодовыг заналхийлж буй этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ нэн даруй авахыг хариуцлагатайгаар шаардаж байна.

Иргэн Г.Доржзодовыг Ардчилсан Нам өнөөдрөөс эхлэн улс төрийн хамгаалалтанд авч буйгаа мэдэгдэхийн хамт түүний болон гэр бүлийн аюулгүй байдалд гарсан ямарваа үйлдлийн хариуцлагыг эрх баригч МАН болон тэдний гар хөл болсон хууль хүчний байгууллагын удирдлагуудаас шаардана гэдгийг мэдэгдэж байна.

  Ардчилсан Нам

                                                                            2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
Монгол хүн бүрт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өнөөдөр туурга тусгаар Монгол улсын хүний эрх эрхчөлөө, бидний олсон ардчиллыг устгах гэж эрх баригчид улайрч байгаад үнэхээр харамсч байна. Ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүн бүрт анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэлээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:
 Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын штабын баг бүрэлдэхүүн Монголынхоо бүх аймгаар машинаар явж байгаа. Завхан аймагт бид дөнгөж ирээд байна. МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймааг ярилцаж буй бичлэгийг олон нийтэд ил болгосон Доржзодов гэдэг залуу манайд буй юм. Гэтэл нөхөр маань над руу утасдаад манайхыг цагдаа бүсэлчихэж. Юу болоод байна вэ гэж асуусан. Доржзодовтой ярьтал “Өглөөний 4 цагаас эхлэн танай гадаа цагдаа нар ирээд байна” гээд зураг явуулсан. Хашаан дотуур бүслэлт, гадуур бүслэлт хийгээд хотхоныг тэр чигт нь бүсэлсэн байна. Ингээд би өмгөөлөгчтэй нь ярьсан. Сэтгүүлч Мөнхбаясгаланг LIVE хийгээд эхэлтэл  эрх баригчдын зүгээс Доржзодовыг хамгаалах гэж цагдаа явуулсан гэж хэлсэн. Одоогоор түүнийг гэрчээр хэн ч татаагүй байгаа учраас хамгаалалтанд авна гэж байхгүй. 60 тэрбумын асуудал дээр түүнийг сэжигтнээр татаж байгаа учраас өөрийг нь баривчлах гэж байгаа юм. Гэрчийг хамгаалах хуулийн дагуу прокуророос шийдвэр гарах ёстой.

Би наашаа явахдаа гэртээ Доржзодовыг байж бай гээд гарсан юм. Нөхөртөө энэ хүн бол манай хамаатны хүн гээд хэлчихсэн юм. Тэгэхээр манай гэр рүү цагдаа нар хүчээр түрж орж ирж магадгүй. Манай нөхөр бол гадаадын иргэн учраас өглөөнөөс хойш утасдаж, өөрийнхөө Элчин сайдын яам руу хэлсэн байгаа. Хэвлэлийнхэн маань маш хангалтгүй очиж байна шүү. Цагдаагийнхны хувьд одоогоор бүслэлт хийсэн байдалтай байна. Манай хаалгыг байнга тогшиж байгаа гэсэн. Манай нөхрийн хувьд “ Би өөрийнхөө орны гэрчгүйгээр гэртээ хүн оруулахгүй” гэж байгаа. Тиймээс миний хувьд гадаадын сэтгүүлчид, сонгууль ажиглахаар ирсэн хүмүүс руу утасдаж гэрийн хаягаа зааж өгсөн байгаа.
Би нөхрийнхөө аюулгүй байдал, гэр орныхоо бүрэн бүтэн байдал, гэрч залуугийн аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Тиймээс монголчууд маань үүнд анхаарал хандуулаач ээ. Манай гэрийн хаягийг бол Доржзодов хэнд ч задлаагүй. Манайд үдэш ирсэн, тэгээд гараагүй. Тэгэхээр түүнийг маш их мөрдөж мөшгиж байгаа юм байна. Тэр 60 тэрбумын албан тушаалын наймаатай холбоотой бүх мэдээллийг вэбсайтаар дамжуулж олон нийтэд ил болгосон учраас ийм байдалд хүрч байна.


Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга:
60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлаар манай намын бүлэг миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, ТЕГ, АТГ-д бүх баримтыг хүлээлгэж өгч, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс энэ бүхнийг анхаарч судалж, хариу өгнө үү гэж хэлсэн. Харамсалтай нь хариу нь ингэж ирж байх шиг байна. Хууль хүчнийхэн маань ийм их чадалтай байгаа бол Богд ууланд гарч буй түймрийг, өчигдөр үндэсний үйлдвэрлэгч болох “Говь” компанид гарсан галыг унтраахад хүч нэмэхгүй яасан юм бэ. Үнэхээр харамсалтай байна. Маш их бухимдал төрж байна.
 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
60 тэрбумын энэ бичлэг гэдэг нь Монголын нийгэмд маш их аюул учруулсан байж болзошгүй. Өнгөрсөн сонгууль ч энэ схемээр явагдсан байж болзошгүй. Тиймээс хууль хяналтынхан маань түүх та бүхнийг шүүнэ шүү. Тиймээс монгол төрийнхөө хууль тогтоомжийнхоо хүрээнд үйл ажиллагаа явуулаач ээ. Ардчилсан намын 180 мянган гишүүндээ уриалахад Монгол Улсын маань ардчилал хүний эрхэнд аюул учирлаа. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байгаарай. Тиймээс нийт монголчууд минь ээ, энэ хууль бус бусармаг зүйлд дуу хоолойгоо нэгтгэж, эв санаагаа илэрхийлнэ үү хэмээн мэдэгдэл хийсэн юм.

                                                                                                         Эх сурвалж: www.assa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү