Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Е.Зангар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихээр Баян-Өлгий аймгийн 13 сумын төлөөлөл Өлгий хотод хүрэлцэн ирж, уулзалтад оролцсон юм. Уулзалтын эхэнд Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Е.Зангар үг хэлж, Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа.
Тэрбээр “Баян-Өлгий аймгийнхаа гишүүд, дэмжигчдэд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт эрх барьсан МАН-ын удирдлагууд нүдэнд харагдах, гарт баригдах ганц ч ажлыг хийсэнгүй. Тэд нэг жилийн хугацаанд төрийн 280 албан хаагчийг ажлаас нь халсан. Тэдний дундаас 40 хүн шүүхэд хандаж, аль нэг шатанд нь ялалт байгуулсан. Энэ бол МАН-ын удирдлагууд хууль бусаар, увайгүй авирлаж, төрийн албан хаагчдыг ажлаас халсны нэг баталгаа. Бидний 27 жил тэмцэж бий болгосон Ардчиллын үнэт зүйл Баян-Өлгий аймагт алга боллоо. Бид энэ шударга бус зүйлийн эсрэг тэмцэж, аймгийн Засаг даргыг огцрохыг шаардаж байгаа. Цаашид ч, хууль бус зүйлийн эсрэг хариуцлагатайгаар тэмцэж, жирийн ажилчин, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах болно.
Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийн хийсэн, бүтээснийг сайн мэднэ. Тэрбээр Зам тээврийн сайд байхдаа баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг санаачилж, бариулсан. Одоо бид үр шимийг нь үзээд, засмал замаар зорчиж байна. Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хангах чацарганы тариаланг энэ хүний санал санаачилгаар эхлүүлээд үр дүнг нь үзээд явж байна.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жишиг сум болгосон. Олон сумыг шинэ сум болгон хөгжүүлж, бүтээн байгуулж чадаж байгаа хүн улс орноо өөд нь татаж чадна гэдэг нь эргэлзээгүй. Өнөөдөр бид туйлын хариуцлагатай, гэхдээ сонголт хийхэд амархан сонгуулийн өмнө тулж ирээд байна. Хууль зорчигч, дураараа авирлагч эрх баригчдын эсрэг, хийж бүтээх эрмэлзэлтэй хүнийг сонгоход л болно.
Хийсэн, бүтээсэн нь нүднээ илхэн харагддаг, жирийн амьдрал дундаас босч ирсэн, бидний л нэгэн адил эгэл хүн, эх орноо гэсэн чин сэтгэлтэй нэгнийг сонгох уу. Эсвэл насаараа дарга хийсэн, тансаг амьдралд дасчихсан, гадаад орнуудаас зээл авч, өр тавих гээд явж байгаа хүнийг сонгох уу гэдэг дээр та бүхэн эргэлзээд байх зүйлгүй байх. Тиймээс би сонголт хийхэд амар сонгуулийн өмнө тулж ирлээ гэж хэлсэн юм. Та бүхэн хийж бүтээдэг, Монголоо гэсэн чин сэтгэлтэй, эх оронч хүнийг сонгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.