Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил эх орны алс баруун хязгаар, казах түмний өлгий нутаг Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо үргэлжилж байна. Нэр дэвшигч аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдад мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа БНМАУ-ын Баатар Мазимын Экейгийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрийн хоёрдугаар бүлэгт хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын үйлчилгээг хүртээмжтэй, үр өгөөжтэй болгоход анхаарч, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үзлэг, оношилгооны төвийг бүсчилсэн хэлбэрээр байгуулах талаар тусгасан. Түүнчлэн, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих замаар хүн ардын эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллах юм. Манай улс жилд дунджаар 50 сая орчим ам.долларыг гадаад улс орон руу үзлэг, оношилгоо хийлгэхэд зарцуулдаг аж.
Баян-Өлгий аймгийн хувьд хүн амын өсөлт, төрөлт харьцангуй жигд тогтмол бөгөөд тэр хэрээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа юм. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд 1976 онд 160 ортой, 55 мянган хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтайгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 311 ортой болж, үйлчилгээ үзүүлэх хүн амын тоо 102 мянгад хүрсэн ажээ. Тиймээс эл ачааллыг бууруулахад орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж бүхий шинэ эмнэлэг барьж байгуулах шаардлагатай байгааг Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан хэлж байв.
Яг одоо нэр дэвшигч Х.Баттулгын Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт эхэлж байна.