УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол БЗД-ийн Дарь-Эх, Сансарын зургаан хороог төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэр гэрэл цахилгаангүй, үр хүүхдүүд нь хичээл номоо хийх боломжгүй, ахуйн хөргөгч, зурагтаа ч ашиглаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа тухайгаа уламжилж байсан юм. Тэгвэл сонгогдсон даруйдаа энэ асуудалд шуурхайлан хандаж, өнгөрсөн намар БЗД-ийн 21-р хорооны Ганц худгийн хойд талын 100 гаран өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан. Мөн энэ хавартаа амжиж үлдсэн айл өрхийг эрчим хүчинд холбуулах саналыг ЭХЯ-нд хүргүүлснээр холбогдох зардлыг 2017 оны улсын төсөвт суулгуулж амжсан юм.
Үүний дагуу Эрчим хүчний яам тендер зарлан, БЗД-ийн 21-р хорооны газар нутаг дахь Ганцын задгай, Жамсран уулын өвөрт оршин суудаг 140 гаруй өрхийг төвийн эрчим хүчинд холбуулах ажлыг нэр бүхий компаниудаар хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Уг ажлын нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Мөн 21-р хороонд оршин суудаг тог цахилгаангүй байсан айл өрхийнхөн уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Д.Оюунхорол “Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Үүнийг дагаад дэд бүтэц, тэр дундаа тог цахилгааны асуудал хотын төвөөс алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Та бүхэн надад итгэл хүлээлгэж төрдөө төлөөллөө болгон илгээсний маргаашнаас л би гэрэл цахилгааны асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Улс орны эдийн засаг хүнд, төсвийн жил дуусч байсан хэдий ч өнгөрсөн өнгөрсөн намар 21-р хороо Ганц худгийн амны 100 орчим өрхийг төвийн эрчим хүчинд холбуулсан.
Үлдсэн 140 гаруй айлыг холбуулах зардлыг 2017 оны Эрчим хүчний сайдын багцад суулгуулж, өнөөдөр бид ажлаа эхлүүлж байна. Гэрэл, цахилгаан бол айл гэрт халуун дулаан уур амьсгал бий болгодог зүйл. Нэг ёсондоо, гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэдэг зүйл юм. Та бүхэндээ тоонондоо нартай, зуухандаа галтай, сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг ерөөе. Мөн бидний ажлыг дэмжиж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн асуудалд анхаарал хандуулж, ажлаа эхлүүлсэн Эрчим хүчний сайд П.Ганхүү болон түүний багт талархал илэрхийлье” гэсэн юм.