Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзлаа


7 жил

Ховдын олон ястны төлөөлөл Х.Баттулгыг тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хэмээн хүндэтгэн угтлаа. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулга олон ястны өлгий нутаг Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Аймгийн театр болон гадаад талбайд зассан суудал түүнийг дэмжигчдээр дүүрч, халуун дотно уур амьсгалтай ажил хэрэгч уулзалт боллоо.

Нэр дэвшигчийг Ховд аймаг аяны дөрөө мултлахад олон ястны төлөөлөл болсон 20 шахам иргэд өөрийн онцлог бүхий үндэсний хувцсаа өмсөн тосч, өнөө цагт тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваа хүн хэмээн хүндэтгэн уулзлаа. Х.Баттулга Ховд хотын төв талбайд байрлах Галданбошигт болон Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Түүний дараа Ховд хотын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Ц.Оюунгэрэл Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын эхэнд Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат үг хэлсэн.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой аюул тулгарсан түүхийн эгзэгтэй цаг үед давхцаж байгаа сонгуульд эх оронч нэр дэвшигч Х.Баттулга өрсөлдөж байна. Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох түүхэн захиалга ч гарч ирээд байна. Өнгөрсөн найман жилд Ховд нутгийн хүү, ардчилсан хувьсгалын анхдагч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Ховдчууд бид ардчилсан Ерөнхийлөгчдөө итгэж, саналаа өгсөн. Бидний итгэлийг алдалгүй сайн ажилласан гэж боддог. Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийн халааг эх оронч Ерөнхийлөгчид хүлээлгэн өгцгөөе. Тиймээс Ховд нутгийн зон олон та бүхэн эх орон, тусгаар тогтнолын төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна” хэмээн хэллээ. Түүний дараа Ховд аймгийн АН-ын дарга Ч.Чинбат АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Х.Баттулгад эрчтэй, хүчтэй байхыг бэлгэдэж нум, сум бэлэглэсэн юм. АН-ын дарга С.Эрдэнэ сонгогчдод хандан хэлсэн үгэндээ “Ховд нутгийнхан эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцэж явсан ард түмэн. Би ховдчуудаараа бахархаж явдаг. Та бүхний энэ тэмцэл цаашид ч үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцолсон.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү