Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил дууссантай холбогдуулан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс өчигдөр /2017-6-12/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Төв комиссын дарга Д.Даваасүрэн гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгсөн тухай мэдээллээ.
СЕХ-ны Ажлын албаны дарга, Төв комиссын дэд дарга Д.Баяндүүрэн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан тухай мэдэгдээд цаашид сонгуулийн эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох, сонгууль зохион байгуулалтын хувьд ч анхаарах асуудал байгааг онцоллоо.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргана гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.