Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас "Дэд бүтцийн төв" буюу Сервис Центр төслийг сурталчилан таниулах ээлжит уулзалтыг Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороонд зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Д.Даваадулам, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ж.Батбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам "Өнөөдөр гэр хорооллын иргэдэд хамгийн их тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол. Үүнээс гарах хамгийн эхний алхам нь "Дэд бүтцийн төв" буюу Сервис центр төсөл гэж албаныхан үзэж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын агаар, хөрсний бохирдол буурч, иргэд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн төслийн хүрээнд 200 өрх нийлж бүлэг байгуулан хоорондоо тохиролцож, хоёр айлын газрыг чөлөөлж өгснөөр Нийслэл гурван давхар байгууламж бүхий "Дэд бүтцийн төв"-ийг чөлөөлж өгсөн газарт нь барьж өгөх юм. Тухайн “Дэд бүтцийн төв” ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд халуун, хүйтэн ус болон бохирын шугамтай холбогдож, орон сууцтай ижил нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” хэмээлээ.
БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаатар “Дэд бүтцийн төвийг дагасан тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэх боломжтой. Түүнчлэн иргэд маань өөрсдийн эзэмшлийн газартаа дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц цаашлаад хаустай болох боломжтой болох юм байна. .Иймээс иргэд хоорондоо сайн зөвшилцөж зөв ажлыг дэмжээд явах нь зүйтэй” хэмээн хэлж байв.
Баянзүрх дүүргийн 5 болон 22 дугаар хорооны иргэд тус ажлыг хийж хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, иргэдийн бүлгийг байгуулах болон газар чөлөөлөх ажил дээр хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.