“Цогц аюулгүй байдал-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо

“Цогц аюулгүй байдал-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо


7 жил

ОХУ-ын Москва хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Цогц аюулгүй байдал-2017” Олон улсын үзэсгэлэнгийн үеэр Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээнд явагдаж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа 2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, туршлага солилцов.



Мөн “Үндэсний гамшгийн удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын Агаарын шуурхай аврах отрядын орлогч дарга Акмаев Игорь Владимирович ОБЕГ-ын  дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч “Агаарын шуурхай аврах отрядын”  бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, машин техник, материаллаг баазаа танилцууллаа.



ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Онцгой байдлын яамны харьяа “Гал эсэргүүцэх Академи”-ийн хүндэт ерөнхийлөгч, хурандаа генерал Иван Михайлович Тетерин болон Академийн удирдлагууд Онцгой байдлын ерөнхий газрын  дарга, бригадын генерал Т.Бадрал, түүнийг дагалдан яваа аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Гал эсэргүүцэх Академийн сургалт хариуцсан дэд захирал Бедило Максим Владимирович Академийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулав. Энэ үеэр бригадын генерал Т.Бадрал тус Академийн хүндэт профессор, шинжлэх ухааны доктор Семиков Владимир Леонтьевичийг “Онцгой байдлын албаны төлөө” 3-р зэргийн тэмдгээр шагналаа.



Уулзалтын төгсгөлд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Гал эсэргүүцэх академид суралцаж байгаа офицер, сонсогч нартай уулзаж, улс орныхоо болон албаны нэр хүндийг өргөн, сахилга ёс зүйг чандлан сахиж, сонгож авсан мэргэжилдээ эзэн болж амжилттай суралцахыг хүслээ. Мөн тус академид суралцаж буй адъюнкт ахмад Б.Энхтүвшинг хугацааны өмнө хошууч, магистрант дэслэгч Б.Даваасүрэнг хугацааны ахлах дэслэгч цолоор тус тус шагнав.

“Цогц аюулгүй байдал-2017” Олон Улсын үзэсгэлэнгийн дөрөв дэх өдөр Монголын төлөөлөгчид ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.



Тус академийн сургалт хариуцсан захирал Щукарев Сергей Юрьевич төлөөлөгчдийг хүлээн авч академийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сургалтын материалаг бааз, орчинтой танилцуулсан юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Иргэний хамгаалалтын Академи”-д суралцаж байгаа  офицеруудтай уулзаж дурсгалын зураг татуулж, магистрант ахмад Г.Хатанбаатарыг хугацааны хошууч цолоор шагнаж, амжилт хүслээ.



ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, дагалдан яваа аймаг, нийслэлийн газрын дарга нар  ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа, Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г.Энхбаатар нартай уулзаж  “Цогц аюулгүй байдал-2017” Олон Улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, халуун дотно яриа өрнүүлж дурсгалын зураг татуулав гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү