Даатгалын тогтолцоонд хувийн тэтгэврийн даатгалыг нэвтрүүлэх асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд байна. Санхүүгийн зохицуулах хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/ болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, даатгалын салбарын мэргэжлийн оролцогчидтой хамтран энэ асуудлын гарц, шийдлийг олохоор ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сард “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг” дээрх байгууллагуудын төлөөлөтэйгөөр байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн үзэл баримтлал болон хуулийн төсөл” боловсруулсныг өчигдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт шинээр бүрдүүлэхээр ажиллаж буй хувийн тэтгэврийн тогтолцоонд хамаарах төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагынхан, бизнес эрхлэгчид оролцож хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлсний зэрэгцээ нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, хувийн тэтгэврийн даатгалын талаарх олон улсын туршлага зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан яриа, мэтгэлцээн өрнүүлэв.