Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр нийслэлчүүдтэй хийх уулзалтаа Налайх дүүргээс эхлүүлсэн билээ. Түүний дараа нийслэлийн Багахангай дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл болон орон нутгийн намын удирдлагууд оролцсон юм. Уулзалтын эхэнд АН-ын удирдлагууд үг хэлж, нэр дэвшигчийг нь дэмжихийг уриалсан.
Мөн цагтаа Багахангай дүүргээс сонгогдож, УИХ-д сууж байсан Ц.Оюунгэрэл үг хэлж, АН-ын дөрвөн жилд энэ дүүрэгт хэрхэн ажилласныг сануулсан. Дээрээс нь МАН-ынхны албан тушаалын наймаагаар 60 тэрбум төгрөг босгосон талаарх бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Багахангай дүүрэгт ямар ямар даргын суудлыг худалдсаныг хүртэл дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга үг хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, дэмжихийг уриалсан. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн эрх чөлөөний төлөөх сонголт байх болно шүү гэдгийг ч санууллаа.
Албаны хүмүүс үг хэлсний дараа Багахангай дүүргийн иргэд үгээ хэлж, нэр дэвшигчид амжилт хүсч, асуулт асуусан юм. Ардчилсан нийгмийг сонгож, сонгууль явуулж эхэлснээс хойш Багахангай дүүрэгт Ардчилсан нам нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй юм байна. Тиймдээ ч энэ дүүрэгт намчирхал хэрээс хэтэрч, АН-ыг дэмжсэн, ардчилсан үзэлтэй бүхнийг хавчин гадуурхаж, ажилгүй болгодог гэдгийг ч хэлж байлаа. Өнөөдөр Ардчилсан намын нэр дэвшигчийн уулзалт болохтой зэрэгцээд төрийн албан хаагчдаа бүгдийг нь дүүргээс гаргасан гэдгийг ч иргэд хэлж байсан юм.
н.Цэрэнханд: Буруу бодлогыг хазаарлах Ерөнхийлөгч хэрэгтэй байна
Багахангай дүүргийн II хорооны иргэн
-Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Х.Баттулга нэр дэвшигчид амжилт хүсье. Бидэнд үнэхээр ард түмнээ боддог Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Одоо долдугаар сарын 1-ээс юу болох билээ. Шатахууны үнэ өснө. Шатахууны үнэ өсөхөөр юу болдог вэ гэдгийг Монголын бүх иргэд мэднэ. Талхнаас авахуулаад цахилгаан хүртэл бүхий л зүйлийн үнэ нэмэгдэнэ. Үүнд хазаар болох Ерөнхийлөгч та байж чадна гэж би бодож байгаа. Хоёрдугаарт, би өнөөдөр гурван хүүхэдтэй. Төрийн албан 13 жил ажиллачихаад, 13 сая төгрөгийн өртэй л амьдарч байна. Миний адилаар Монголын бүхий л иргэн цалин, тэтгэвэр, малчны зээлийн өрөнд баригдчихсан. Тэр оффшор дансанд нуусан гээд байгаа 17 тэрбум ам.долларыг оруулж ирж, өрнөөс салгаж өгөөч ээ. Дээрээс нь эрх баригчид бидний халааснаас дөрвөн жилд авах ёстой сая төгрөгийг хулгайлсан. Би гурван хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Тэгэхээр миний халааснаас гурван сая төгрөгийг маань хулгайлчихлаа. Ардын намыг сонгосныхоо золиосонд бид ингэж хохирч байна. Тэд АН Монголыг өрөнд оруулсан, 1.5 тэрбум ам.доллар зээлсэн гээд байсан. Одоо өөрсдөө л 5.5 тэрбум ам.доллар зээлэх гээд байж байна. Би үнэхээр бухимдалтай байна. Бухимдахгүй байх арга алга. Тэд бидний халааснаас хулгай хийгээд зогсохгүй дүүргийн төсвөөс хулгайлсан. АН-ынхан эрх барьж байхад манай дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 2 тэрбум төгрөг хуваарилагдаж ирж байсан. Гэтэл одоо 200-хан сая төгрөг ирж байна. Хоёр тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийж байхад Багахангай дүүрэг ямар сайхан хөгжив. Иргэд нь дулаан байранд амьдардаг, эрчим хүчний хангамж гурав дахин нэмэгдсэн. Ус хангамжийн нөөц 5 дахин нэмэгдсэн. 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж өгсөн. Ийм бодлого, бүтээн байгуулалтыг АН л хийж чаддаг. АН өнөөдөр юу хийж байна. Би ажилгүй болоод, нэг жил Улаанбаатарт амьдарчихаад буцаад ирсэн. Гэтэл жилийн хугацаанд нэг ч зүйл хийгээгүй л байна. Би ууртай байгаа. Уур хүрч байна. Яагаад Монголоор дүүрэн хятадууд байгаа юм бэ.
Б.Туяацэцэг: Багахангайн залуучууд таныг дэмжинэ
-Би энэ жил 18 нас хүрсэн, анх удаагаа сонгууль өгч, иргэний үүргээ биелүүлэх гэж байгаа залуу үеийн төлөөлөл байна. Би юм бүхнийг хоёр талтай байх ёстой гэж боддог. Улс төрд ч гэсэн сөрөг хүчин гэж байхгүй бол болохгүй байна. Харин сөрөг хүчин болж чадах хүн бол Х.Баттулга нэр дэвшигч гэж би харж байгаа. Залуучууд бид таныг дэмжиж байгаа. МАН дангаар засаг барьж байгаа энэ үед тэдний бурууг хазаарлаж чадах хүн мөн гэж үзэж байгаа учраас бид дэмжиж байгаа юм. Өнөөдөр намайг хэн нэгэн АН-ыг, Х.Баттулга нэр дэвшигчийг дэмж гэж хэлээгүй, шаардаагүй. Энэ бол миний үзэл баримтлал. Би энд зоригтой гарч ирээд үгээ хэлж байна. Гэтэл миний ард олон залуучууд үгээ хэлж чадахгүй айж байгаа. Энэ хурал дээр ирээд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө тэд ажилгүй болно. Багахангайн аж амьдрал ийм л байна. Маргааш тэд ажилгүй болохгүйн тулд энд ирсэнгүй. Тийм учраас би тэр хүмүүсийн өмнөөс дуу хоолойгоо хүргэж байна. Залуучууд таныг дэмжинэ ээ.
-З.Оюунцэцэг: 27 жил МАН засагласан Багахангай дүүрэг Баттулгын барьсан шинэ сумаас ч хөгжил муутай байна
Багахангай дүүргийн иргэн
-Би Багахангай дүүрэгт хэдэн жилийн өмнө шилжиж ирсэн. Улаанбаатар хотын нэг дүүрэг болохоор хөгжил сайтай гэж бодсон. Гэтэл Х.Баттулга нэр дэвшигч таны байгуулсан шинэ сумуудаас чинь хөгжил муутай газар байсан. Одоо ч хөгжихгүй л байна. Энд МАН-ынхан ажилтай байдаг. АН-ынханд ажил олддоггүй. Ардчилсан хувьсгал ялаад 27 жил болж байхад энэ дүүрэгт АН нэг ч удаа засаг барьж байгаагүй. Тийм учраас АН-ын гишүүд маань сэтгэл дундуур, гундуу байдаг. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Баттулга нэр дэвшигч АН-ын ялалтын буухиаг эхлүүлж өгөх байх гэж итгэж байна.
Ганбаа: М.Энхболд төрөлх сумандаа ганц гялтайх ТҮЦ ч бариагүй хүн
Багахангай дүүргийн иргэн
-Монгол Улсын Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл газар дээр гараад ирэхээрээ 30-хан гэр бүлийн өмч болчихдог. Энэ асуудалтай Ерөнхийлөгч болоод тууштай тэмцээрэй гэж хүсмээр байна. Мөн бүтээн байгуулагч, эх оронч Ерөнхийлөгч байгаарай. Угаасаа Х.Баттулга нэр дэвшигч хийж бүтээдэг хүн. Харин МАН-аас нэр дэвшиж байгаа М.Энхболдыг би мэднэ. Энүүхэн хажууд байгаа Төв аймгийн Баян сумын өөрийнх нь төрөлх сум. Гэвч тэр төрөлх сумандаа ганц гялтайх ТҮЦ ч бариагүй. Ийм л ялгаатай хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа. Тэгэхэд нэг нь ямар их бүтээн байгуулалт хийснийг бид нүдээрээ харж байна. Тийм болохоор Багахангайчууд эх оронч, бүтээгч Ерөнхийлөгчөө сонгоно гэдэгт итгэлтэй байна.