Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна

Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуу Улаанбаатар хотод чуулж байна. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, JCI байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Даун Хетзел, JCI Монголын Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг болон гишүүн улсын үндэсний Ерөнхийлөгч нар оролцсон юм.



Улаанбаатар хотын Захирагч С.Батболд чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ  “Хувь хүний итгэл үнэмшил, үнэт зүйлийг эрхэмлэн хүндэтгэж, түүнийг нь зөв чиглэлд хөгжүүлж улмаар хүн төрөлхтний амьдралын сайн сайхны төлөөх үйлсэд оруулж буй байгууллагын хувь нэмэр асар их билээ. Монгол Улс ч мөн адил энэхүү зарчмыг хүндэтгэн үзэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд JCI  Монгол байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон арван төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран хэрэгжүүлсээр байгаа юм. Улаанбаатар хот нь Зүүн хойд Азийн бүс нутгийн бизнес, соёл, аялал жуулчлалын зангилаа бүс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо нэн чухал юм” хэмээгээд чуулга уулзалтад оролцогчдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа.



Чуулга уулзалтын нээлтэд үг хэлсэн Шадар сайд У.Хүрэлсүх “JCI Ази номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахын төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшил, цаг зав, эд хөрөнгөө зориулж эх орныхоо сайн сайхныг анд нөхөд, зочиддоо бахархалтайгаар үзүүлэхийн төлөө олон жилийн турш зүтгэж ирсэн “JCI Монгол” байгууллагын удирдлагууд болон нийт сенаторууд гишүүд, дэмжигчиддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээсэн юм.



“Жей Си Ай-AСПАК-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо дөрвөн өдрийн турш “Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвийн дор үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар есөн төрлийн асуудлаар форум хийх аж. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбогдох сэдэв байгаа юм. Тухайлбал Монгол Улсад бизнес эрхлэх боломж болоцооны талаар болон Улаанбаатар хотын ногоон хөгжлийн талаар хэлэлцэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү