Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газрын албанаас үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 59 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.
Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг иргэд ихээр дэмжиж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанд бичгээр болон цахимаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч судалгаанд хамруулан нэн түрүүнд чөлөөлөх боломжтой газруудын зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж эхлээд байна.
Тухайлбал, Баянзүрх тус дүүргийн 22 дугаар хороо, 1000 оюутны байрны автобусны буудал дээр явган хүний замыг хааж байрлуулсан 2 ТҮЦ-ийг буулгаж газрыг чөлөөллөө.
Баянгол дүүргийн 8 дугаар хороо "Ирмүүн булаг" ХХК-ний эзэмшил газраа хэтрүүлэн барьсан хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөв.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22, 23 дугаар байрны дунд олон жилийн хур хогийг хуримтлуулсан чингэлгийг ачиж газрыг чөлөөллөө. Ингэснээр ойр орчмын оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, нэгдсэн эмнэлгийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан граж, чингэлгийг авч газрыг чөлөөллөө.
Энэхүү арга хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч идэвхтэй хамтран ажиллаж шаардлагын дагуу зөрчлөө арилгаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3, 4 дүгээр хорооллын эцэст иргэн Ш.Оросоо явган хүний замыг хааж барилгын түр хашаа барьсан байсныг дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсний дагуу тухайн иргэн зөрчлөө арилган явган хүний замыг чөлөөллөө. Энэ мэтчилэн газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ шат дараатайгаар үргэлжлэн хийгдэж байна.
Нийтийн эзэмшлийн зам, талбайн газрыг чөлөөлснөөр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэх, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэхээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.