Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалт Говьсүмбэр аймагт үргэлжиллээ. Түүнийг Говьсүмбэр аймагт ирэхэд иргэд, сонгогчид халуун алга ташилт, уухайн түрлэг дор угтаж авсан юм. Харин сонгогчидтой уулзах уулзалт тус аймгийн “Боржигон” теарт боллоо. Уулзалтыг нээж Говьсүмбэр аймгийн АН-ын дарга Д.Сүрэнжав үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгөхийг уриалсан юм.
Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, Х.Баттулгыг дэмжихийг уриаллаа. Тэрбээр “Манай нам Х.Баттулгыг Ардчилсан, эх оронч төрийн тэргүүн байж чадна хэмээн үзэж 180 мянган гишүүнийхээ олонхийн саналын дагуу түүнийг нэр дэвшүүлж байгаа. Би намын даргын хувьд нэр дэвшигчдээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Бид Монголын түүхэн дэх томоохон сорилт, хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Энэ бол аль нэг улс төрийн нам, хэн нэг нэр дэвшигчийг сонгох тухай асуудал биш юм. Эх орон, Монгол орших уу, эс орших уу гэсэн сонголтын өмнө ирсэн. Тэр дундаа Их Эзэн Чингис хааны Хиад, Боржигон удмын гал голомтыг сахиж байгаа та бүхний хувьд туйлын хариуцлагатай сонголт байх болно. Бид асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг тэмцэж буйгаа ойлгож байгаа. Монгол ялна гэдэг үгийг бид зүгээр нэг хэлээгүй юм. Асар их эрх мэдэл, мөнгө, үндэстэн дамжсан бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа учраас бид ийм уриа дэвшүүлсэн. Өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө тэд ямар сайхан амлалт өглөө. Гэтэл эрх баригч болоод амлалтаасаа эсрэг зүйлийг хийж байна. Нийгмийн сайн сайхны төлөө батлагдсан олон хууль тогтоомжийг цуцаллаа. Ганцхан жишээ хэлье. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж өгнө гэсэн яасан билээ. Одоо өгөхгүй дээрээ туллаа. Тэд тэтгэврийн насыг 65 болгохоор санаархаж байна” хэмээн хэлсэн юм.
Албаны хүмүүс үг хэлсний дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын түүх, намтрыг, хийсэн бүтээснийг нь сонгогчдод танилцуулсан. Мөн ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа талаар ч таницуулсан юм. Энэ бүхний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчдод хандаж үг хэллээ.
Тэрбээр “Эзэн богд Чингис хааны Хиад, Боржигон удмын гал голомтыг сахин суугаа говьсүмбэрчүүд та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Сая танилцуулгын үеэр намайг Боржигон овогт Халтмаагийн Баттулга гэж хэлснийг та бүхэн сонссон байх. Миний бие АН-ынхаа мянга мянган сонгогчдын дэмжлэгийг аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж журмын нөхийнхөө хамт та бүхэнтэй уулзаж байна. 2017 оны зургадугаар сарын 6-ны өдрөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Би Эзэн богд Чингис хааныхаа өлгий нутаг Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлж, өнөөдөр Говьсүмбэр буюу тав дахь аймагт хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, эрх баригчдын амлалт ямар байгаа билээ. Олон мянган төрийн албан хаагчдыг халж байна. МАН 96 жилийн түүхтэй, том бодлоготой нам юм бол энэ олон төрийн албан хаагчийг халж, сольж байх ямар хэрэг байгаа юм. Уулзалт болгон дээр иргэд ингэж гомдоллож байгааг сонслоо.
Би энд хатуу ч гэсэн гашуун үнэнийг ярья. Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, малын тоогоороо дэлхийд нэгдүгээрт ордог. Дэлхий дээр 200 гаруй улс байгаа. Тэр олон улсаас дээрх үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Газрын дороо баялагтай. Дээрээ ч баялагтай. Тэр нь газар тариалан, мал аж ахуй. Монголын мал сүрэг 61 сая хүрчихээд байна. Гэтэл энэ их баян орны иргэд ямар байдалтай байгаа билээ. Өнөөдөр энэ зааланд өргүй хүн байна уу. Би уулзалт болгон дээр энэ асуултыг асууж байгаа. Тэтгэврийн зээл, оюутны төлбөр төлөх гээд зээл аваагүй, лизингийн зээлгүй хүн Монголд бараг алга. Тийм болохоор зээлгүй хүн байна уу гэж асуухаар гараа өргөх хүн олдохгүй байна. Монголд ажилгүйчүүдийн тоо 250 мянгад хүрчихлээ. Би “Монгол ялна” гэсэн уриа үг дэвшүүлээд байгаа нь монголчууд 30-хан гэр бүлийн төлөө борив бохисхийлгүй ажиллах уу. Гурван сая монголчууд нэгдэн нягтарч өөрсдийнхөө сайн сайхны төлөө хамтрах уу гэдгийг л яриад байгаа юм.
Надаас МАН-ын дэмжигчид болоод зарим хүмүүс асууж байгаа. Хэнтэй байлдаж, хэнийг ялах гээд байгаа юм гэж. Өнөөдөр Монгол Улс эдийн засаг тогтворгүй, нэг улсаас хэт хараат байдалтай байгаа. Үүний эсрэг би болоод журмын нөхөд минь “байлдаж” ялах гээд байгаа юм гэж би хариулна. Монгол Улсын Үндэсний байдал алдагдчихлаа. Уг нь бол нэг улсаас эдийн засгийн хараат байдал 30 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл бид урд хөршөөсөө 96 хувийн хамааралтай болчихоод байна. Монголоос гарч буй бүх баялаг түүхийгээрээ урд хөрш рүү урсч байгаа. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол биш ээ. Би үүнтэй тэмцэхийн тулд “Монгол ялна” гэсэн уриаг анд нөхөдтэйгээ ярилцаж байж гаргасан.
Өнөөдөр бид газрын баялаг руугаа хэт улайран орж байна. Тэр дундаа улстөрчид нам хамаарахгүйгээр гар нийлэн газрын баялгаа гадаадынхантай хамтран цөлмөх боллоо. Газрын баялаг гадагшаа урсч, бид өрөнд орсоор байна. Газрын баялгаа бид тоолж, хурааж, бүртгэж чадахгүй байгаа. Тэр дундаа говийн бүсийн Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх зэрэг олон аймаг газрын доорх баялгаа түүхийгээр нь урд хөрш рүү зөөж байна. Энэ байдлыг засахын төлөө ажиллах, зүтгэх цаг болж. Гэхдээ энэ бол АН-ынхны, энэ намаас нэр дэвшиж буй миний л үүрэг гэж ойлгохгүй байна. Энэ бол Монголоор овоглосон хүн бүрийн үүрэг байх ёстой гэж би бодож явдаг. Өнөөдөр сэхээтнүүд, эдийн засагчид, эрдэмтэн мэргэд маш бага дуугарч байна. Тэд өөрсдийн сурсан мэдсэнээ ард түмэнд хэлж, соён гэгээрүүлэх ёстой гэж бид боддог. Тэд одоо дуугарах цаг болжээ. Би дахиад хэлье. Энэ бол ганцхан миний, АН-ынхны үүрэг биш, Монголоо гэсэн хүн бүхний үүрэг шүү. Одоо л дуугарах хэрэгтэй байна. Нэг улсаас 100 хувь хараат болсны дараа дуугарна гэвэл оройтсон байх болно.
Одоогоор бид хөдөө аж ахуйгаас жилдээ 10 сая ширхэг арьс ширийг зах зээлд гаргаж, нийлүүлж байна. Үүний 8 сая нь мөн л урд хөрш рүү гардаг. Гэхдээ 8 сая арьсыг химийн хоцрогдсон уусмалаар зулмаад, хог хаягдал, хороо Монголд, ус гол руу урсгаж орхиод л явчихдаг. Арьс шир боловсруулах үйлдвэрийг Хөдөө аж ахуйн сайд байхдаа барихаар ТЭЗҮ-ийг нь боловсруулсан. Гэтэл газар олж чадаагүй. Засгийн газар дээр маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Хөдөө аж ахуй бол маш том салбар. Энэ салбар хөгжвөл бусад нь өндийгөөд босоод ирнэ.
Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Гэтэл одоо газрын баялаг гадагшаа урсаад дууслаа. Ард түмэн бид яагаад нэгдэж, нягтрахгүй, дуугарахгүй байна аа. Энэ асуудлыг ярьсан хүмүүсийг яагаад хэлмэгдүүлж, эрүүгийн зүйл ангиар айлгаж байна вэ. Уг нь бид чинь энэ Монголын ард түмэн биз дээ. Эсвэл өөр ард түмэн байгаа юм уу. Газрын доорх баялаг ард түмнийх гэдэг. Гэтэл ухаад гаргаад ирэхээр лиценз эзэмшигчдийнх болчихдог. Лиценз эзэмшигчид гэдэг чинь нөгөө л 30 гэр бүл. Энэ эмгэнэлт үйл явдлыг бид хэдий болтол тэсэх вэ. Монголчууд аа, боржигончууд аа, Алтан ургийнхан минь. Бидний тэвчээр хэзээ дуусах юм бэ.
Тийм учраас би АН-ынхаа нөхдийн дэмжлэгээр зориглон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Та бүхний, монголчуудын дэмжлэг үнэхээр хэрэгтэй байна. Өнгөрсөн сонгуулиар МАН-ынхан өрийн дарамтад орлоо хэмээн иргэдийг айлгаж, бас луйвардаж сонгуульд ялж гарч ирсэн. Гэтэл одоо өөрсдөө 5 тэрбум ам.долларын өр тавих гээд байж байна. Тэр дундаа Хятадаас авах тэрбум ам.долларын 95 хувийг буюу 950 саяыг нь манайд тулгаж өгч байгаа шүү. Энэ зээлийг тийм төсөлд л зарцуулна гэвэл ав, үгүй бол өгөхгүй. Хэрвээ тэр төслийг хэрэгжүүлбэл Хятадын ажилчид орж ирж хэрэгжүүлнэ гэж байгаа. Монгол хүн тэнд ажиллахгүй. Ийм байж болох уу.
Ингэж хамаагүй зээл аваад, өрөндөө баригдаад л байх уу. Монгол Улс ямар баян орон бэ гэдгийг би түрүүнд хэлсэн. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг, мал сүргийн тоогоороо дэлхийд нэгдүгээр бичигдэж байгаа. Өөр бидэнд ямар нэгдүгээрт бичигдэх үзүүлэлт хэрэгтэй юм бэ. Энэ газар нутаг дээрээс, монгол нутгаас гурван том гүрэн үүссэн байдаг. Хүн гүрэн, түрэг гүрэн, Их Монгол Улс. Евро Азийг морин туурайгаараа тамгалж, эзэрхэж, ноёрхож байсан аугаа өвөг дээдсийн удам бид өнөөдөр өрөнд баригдаж байна, өтөнд идэгдэж байна. Идэгдээд л сууж байг уу. Үгүй шүү. Тийм учраас бид сэрэх цаг болсон.
Би хүүхэд байхаасаа нэг зүйл мэдэрсэн. Хүн өөрөө мөнгөгүй, эдийн засаггүй байвал юу ч хийж, бүтээж, юунд ч хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч би хүүхэд байхаасаа наймаа хийн зүтгэж байж эдийн засгийн хараат байдлаасаа гарч чадсан. Яг үүнтэй адил би Монголын ард түмнийг, аж ахуй нэгжүүдийг эдийн засгийн хараат байдлаас нь гаргаж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Яагаад гуравхан сая монголчууд сайн сайхан амьдарч болдоггүй юм бэ. Би 2006 онд Жүдо бөхийн холбооны удирдлагаар ажиллаж эхэлсэн. Миний зорилго Олимпийн аварга төрүүлэх байсан. Хоёр жилийн дараа Бээжингийн Олимпийн наадмын үеэр аварга төрсөн. Н.Түвшинбаяр маань алтан медаль хүртэж байлаа. Одоо Монголын жүдо дэлхийн топ тавд багтаж байна.
Тийм учраас энэ сонгуульд монголчууд маань ялаасай. Ялах ч ёстой. Маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүчний өмнөөс бид өрсөлдөж байна. Тэд телевизүүдийг, хошин шогийнхныг, бүх самбаруудыг худалдаж авч байгаа.. Тэд бүх ард түмнийг, монголчуудыг худалдаж авч чадахгүй ээ. Та бүхэндээ баярлалаа, Монгол Улс мандан бадраг.
Ийнхүү түүнийг үг хэлсний дараа Говьсүмбэр аймгийн гишүүд, дэмжигчид нь амжилт хүсч, заавал ялж, төрийн алдаа бүхнийг засахыг захилаа.