Баянгол дүүргийн прокурорын газраас 2008 онд иргэн А.Мөнхтогтохын амь насыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх түдгэлзүүлсэн хэргийг сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Гэмт хэрэгт холбогдогсод Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа саатуулах байрнаас оргож Улаанбаатар хотод ирж 2008 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Ж.О-ын гэрээс эд зүйл хулгайлан авсан, мөн 2008 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө бүлэглэн, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, таксины жолооч А.М-ыг олон удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага 2014 онд нөхөн илрүүлжээ.
Улмаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулж хэлбэл, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг энэ сарын 08-ны өдөр буюу өчигдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Отгонболдод онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 22 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Буянбаатарт 18 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: УЕПГ