"Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган-2017" эхэллээ

"Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган-2017" эхэллээ


7 жил

Шим тэжээлийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг  бүхий л түвшинд хэлэлцэх зорилгоор  Төв Евразийн орнуудын "Шим тэжээлийн чуулган 2017" өнөөдөр эхэллээ.  “Монголын хүн амын шим тэжээлийн байдал” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа уг чуулга  уулзалтыг Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж  MHI байгууллага  санаачлан,  УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ивээл дор  ХХААХҮЯ, ЭМЯ,  ШУТИС-ын Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, А.Ундраа , ЭМ-ийн сайд А.Цогцэцэг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга болон Казахстан, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Тажикстан  улсын  эрдэмтэн судлаачид оролцож байна.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын төр, засгаас нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, бодлого шийдвэртээ тусган, тусгайлан хөтөлбөр батлан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Хэрэгжүүлж ирсэн  ажлуудыг цаашид тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилт дэвшүүлж, уг зорилтыг хангах хүрээнд Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлсэн.

 Мөн ”Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх  шийдвэрийг гарган орон даяар өрнүүлж эхлээд байна. Энэхүү чуулган Монгол Улсын хүн амын хоол, хүнсний шим тэжээлийн байдлыг сайжруулахад үнэтэй зөвлөмж өгч, сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Амжилттай хэрэгжүүлэхэд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлон хэлэв.

Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд Төв Евразийн орнуудын хүн амын дунд өргөн хүрээг хамраад байгаа шим тэжээлийн доройтлын түвшин, түүний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, тэдгээрээс үүдэлтэй өвчин эмгэгийг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлон хамтын ажиллагааг нягт уялдуулна.  Мөн олон улсын экспертүүдээс хүнс баяжуулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандарт шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдтэй танилцаж мэдээлэл авах юм.  

Чуулга уулзалт маргааш ХХААХҮЯ-нд “Хүнс баяжуулалтын олон улсын туршлагаас” сэдвийн хүрээнд болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү