“Гэмтэгсэдийг аврах лавшруулсан тусламж” сургалт боллоо

“Гэмтэгсэдийг аврах лавшруулсан тусламж” сургалт боллоо


7 жил

 

Гэмтлийн дараах тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлснээр гэмтсэн хүнийг тахир дутуу болох улмаар алтан амиа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тэгвэл өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан, зам тээвэр муу хөгжсөн манай орны хувьд  гэмтэгсэдэд газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулах,  гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ур чадвар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэн чухал шаардлагатай юм. Гэмтлийн дараах эхний  2 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулж, улмаар  эндэгсдийн тоог цөөлөх нь энэхүү сургалтын үндсэн зорилго юм.

Энэхүү сургалт нь 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд  нийт 62 эмч сургалтад хамрагдан тэдгээрээс  5 сургагч багш багшлах эрхтэй боллоо.

Түүнлэн 2017 оны 06 дугаар сарын 07-наас 09-ний өдрүүдэд 4 дэх удаагийн  “Суралцагч багшийн сургалт” зохион байгуулагдаж байна. Сургалтанд Улаанбаатар хотоос УНТЭ, АШУҮИС, орон нутгаас хүн ам, зам тээврийн хөдөлгөөн ихтэй  болон Ази-Европыг холбосон босоо тэнхлэгийн дагуу байрлалтай Дархан-Уул, Дорноговь, хэвтээ тэнхлэгийн дагуух оршдог  Баянхонгор, Өвөрхангай,  Хэнтий  аймгуудын бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон нэгдсэн эмнэлгийн мэс засал, яаралтай тусламж, гэмтлийн 16 эмч нарыг хамруулан зохион байгууллаа.

Олон улсын мэргэшсэн  6 сургагч багш (АНУ, Австрали, Малайз, ), нэг сувилагч (Австрали), Монголоос 2 сургагч багш тус тус сургалтыг удирдан явуулж байна.  Үүнд:  Рей Прайс, Жое Акер, Рүүд Нунез /Америк/, Майк Холланд, Лесли Дунстал  /Австрали/, Нарайан  /Тайланд/, Л.Ганболд, С.Бурмаа Монголоос тус тус сургагч багш нар  хичээл заалаа.

Монгол улсын өөрийн сургагч багшийн багтай болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  өндөр түвшний сургалтыг өөрийн эмч нарт зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Ингэснээр орон нутагт ажиллаж буй эмч нартаа ажлын байран дээр нь олон улсын стандартын дагуу сургалтыг явуулах бүрэн бололцоотой болж байна. Эдгээр сургагч багш нар 2018 оноос  Баянхонгор Дорноговь аймгуудад очиж уг сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Гэмтлийн дараах эхний  2 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулснаар орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар сайжирч гэмтсэн хүнийг тахир дутуу болох улмаар амь насаа алдахаас сэргийлэх юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү