Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Кванмён хотын дарга Ян Гидэйг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир болон бусад албаныхан оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “БНСУ-ын Аялал жуулчлал, бүтээн босголтын их хот Кванмён хотын даргатай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа билээ. Хуучин алтны уурхай байсан гүний уурхайн цооногийг кино театр, виноны музей болгон олонд хүртээл болгож жилдээ 2 сая орчим жуулчин хүлээн авдаг том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн гэж сонссон. Уг санааг манай хотын Налайх дүүргийн уурхайд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Кванмён хотын дарга Ян Гидэ “Энэ удаагийн айлчлалаар 2 хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засаг, зам тээвэр, аялал жуулчлалын салбарт илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Манай хотод ашиглахаа больсон уурхай байсан. Энэ уурхайн 40 жилийн бохирдлыг бүгдийг нь цэвэршүүлээд Тима паркийг бид байгуулсан. Ингэснээр аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж жилд 1.4 сая хүн зөвхөн Тима паркийг үзэхээр ирдэг болсон. Улаанбаатар хотын Налайх дүүрэгт урьд нь ашиглагдаж байсан уурхай байдаг гэж сонсоод түүнийг үзэж, уурхайг байгалийн бохирдлоос нь салгаж, өөрсдийн туршлагаас хуваалцах саналтай байгаа юм. Бидний санал хүсэлтийг хотын удирдлагууд хүлээн авч, хамтран ажиллан гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.