Эх баригч-Сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилж байна

Эх баригч-Сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилж байна


7 жил

Эрүүл мэндийн яам, Францын Санте Сюд ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд эх баригчдын ажлын байрны сургалтыг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмнэл зүй, сурган заах арга зүй эзэмшсэн “Эх баригч-Сургагч багш” бэлтгэх 2 удаагийн сургалтыг 2017.05.29-06.10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.



Тус сургалт нь анх удаа эх баригч-сургагч багш бэлтгэж байгаагаараа онцлог бөгөөд цаашид ЭМХТ-тэй хамтран өөрийн орон нутаг, бүсийн хэмжээнд эх барихуйн тусламж үйлчилгээний сургалтыг эх баригчдад зохион байгуулах юм.

Сургалтын модулийг Францын Франш Контэ мужийн эмнэлгийн ахлах эх баригч сургагч, Монгол улсын Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хамтарсан баг боловсруулсан бөгөөд нийт 40 сургагч багш бэлтгэгдэнэ.  
Сургалт нь одоо ажиллаж буй эх баригчдын ур чадварыг бэхжүүлэх, ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй харилцан уялдаатай хамтран багаар ажиллах чиглэлд чухал түлхэц болно.



Тус төслийн хүрээнд ажлын хэсэг эх баригч бэлтгэх төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрт зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх төслийг францын Санофи Эспуар сангаас санхүүжүүлсэн бөгөөд өнгөрсөн онд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Франш Контэ мужийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ. Сургалт зохион явуулж буй Өргөө Амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар нь энэхүү туршлага судлах аялалд оролцсон эмч нар юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү