Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өчигдөр болж өнгөрсөн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариут өглөө.
-Өнөөдөр танай яамны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгийн гол зорилго нь юу вэ?
-Нээлттэй хаалганы өдөрлөг Дэлхийн байгаль орчны өдөртөй давхцаж байгаагаар гол онцлогтой. Дэлхийн байгаль хамгаалах өдрийн гол уриа бол байгаль орчинтойгоо хүйн холбоотойгоор амьдардаг иргэдэдээ сурталчилгаа хийх зорилготой. Байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой байдаг эх дэлхийгээ хүн өөрсдийнхөө үйл ажиллагаагаар сүйтгэж байна. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь цөлжилт хуурайшилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж, байгаль орчны доройтол, тэнцвэр алдагдаж байгаа. Тиймээс энэ бүхний эсрэг иргэн бүрийн оролцоо сэтгэл хэрэгтэй байгаа юм. Хүн бүхэн эх дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдраасай гэсэн уриалгыг гаргаж, улс өнцөг булан бүрт дамжуулж байна.
-Уур амьсгалын өөрчлөлтөөс болж цөлжилт их явагдаж, газар их эвдрэлд орох болсон. Энэ талаараа тоо баримт дурьдвал?
-Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хамгийн хүчтэй явагдаж байгаа жишээ бол нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэх хандлагатай болсон. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааны үүдэлтэйгээр газрын доройтол, газар их хэмжээгээр эвдэрч сүйдэж цөлжилтөд идэгдсэн. Мөн малын тоо маш их хэмжээгээр өссөн. Энэ хэмжээгээрээ гол мөрөн хатаж ширгэж байгаа. Хамгийн сайн мэдэх жишээ бол Ганга нуур хатаж ширгэсэн. Энэ нуурыг сэргээх үйл ажиллагааг яамны зүгээс тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Цаашдаа усан сан, усны эх ундаргаа хамгаалах ажлыг хийнэ. Уур амьсгал, цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ бол хамгийн түрүүнд мод тарих ёстой. Иргэн бүрэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахаар гар бие оролцохын тулд нэг хүн 36 ширхэг модыг тарьж чадах юм бол энэ хуурайшилт, цөлжилтийн нөлөөлөлөөс гарч чадна гэж үзэж байгаа.
-Салбарын яамнаас энэ жил аялал жуулчлалын чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбар маш чухал хэрэгцээтэй. Нөгөө талаас утаагүй үйлдвэрлэлд 50 мянга гаруй иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна. Энэ тоогоо нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 450 гаруй мянган жуулчин хүлээж авлаа гэхэд 51 мянган ажлын байр бий болдог юм бол 1 сая жуулчин хүлээж авахад ядаж 100 мянга гаруй хүнээ ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Аялал жуулчлалын салбараас орж ирж байгаа орлого иргэн, аж ахуйн нэгж байгуулагад жигд хувиарлагдаж тэгш очдог. Монгол орон үзэх харах сайхан байгаль олонтой гадаадын жуулчдыг хүлээж авахын тулд эхлээд дэд бүтцээ сайжруулах, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх гээд олон ажлыг хийх ёстой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Энэ жил төлөвлөж байгаа гол ажил Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хааны нутагт аялал жуулчлалын төвийг бий болгох, дэд бүтцийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Харамсалтай нь модон жорлонтой, усанд орох боломжгүй байж “Бид аялал жуулчлалын чиглэлээо үйл ажиллагаа явуулж байна” гэдэг. Тэгэхээр яамны зүгээс эдгээр компаниудад тодорхой стандартыг тавьж байгаа. Ядаж жуулчин хүлээж авах үйлчилгээгээ сайжруулахын тулд усанд орох нөхцлийг ханга, боловсон эко 00 ханга гэсэн шаардлагыг тавьж байна. Мөн Элсэнтасархай орчмын дэд бүтцийг хөгжүүлж тэнд үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг хүнд байгаа учраас асуудлыг нэг дор шийдчихэж чадахгүй. Гэхдээ тодорхой үе шаттайгаар эхлүүлнэ.
-Иргэн хүнийхээ хувьд та экологийн доройтлын эсрэг юу хийх вэ?
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд агаар, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг өдөр тутамдаа эко байдлаар үйлчилгээгээ явуулж сурах шаардлагатай байна. Жишээлбэл, уул уурхайн компаниуд хөрсний доройтолд буюу эвдэрсэн газартаа нөхөн сэргээлтээ хийхгүй орхиж явсан аж ахуйн нэгжүүдийн заримтай нь хатуу хариуцлага тооцохоор тэмцэж байна. Харин миний хувьд энэ жил нэлээн олон мод тарьсан.
Эх сурвалж: БОАЖЯ