Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.