Оросын Санкт-Петербург хотод энэ сарын 1-3-нд болсон олон улсын эдийн засгийн уулзалтад Оросын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцлоо.
1. 7 сая малын вакциныг буцалтгүй тусламжаар олгоно
Орос улс ОХУ 7 сая малд хүрэлцэх вакциныг буцалтгүй тусламжаар олгохоор болжээ. Үүнээс гадна Дулааны IV цахилгаан станцын ажиллах насыг 30 жилээр уртасгаж, хүчин чадлыг нь 90 мвт-аар нэмэгдүүлэх болсон байна. ОХУ-ын Олон нийтийн харилцаа, холбооны сайд Николай Никифиров:
“...ОХУ-ын нутаг дэвсгэрээс Монгол Улс цаашлаад Хятадын холбооны шилэн кабель тавих, програм хангамж, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо” гэж хэлсэн байв.
2. Орос улс Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээг манайхтай холбох боломжтой
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворковичтэй хийсэн уулзалтаар Орос улс Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхолтой байгаа гэжээ. Энэ тухай ойрын нэгээс хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэж хэлсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх боломжтой. Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр ярилцжээ.
3. Энэтхэг багш нартай сургууль байгуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модитай уулзаж, Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо мэргэжлийн Энэтхэг багш нартай сургууль байгуулахаар болжээ.