Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өнөөдөр шагнагдлаа. Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье.
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, алдарт эхийн одонг гардуулдаг. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 1 дүгээр зэргийн одонг 160, 2 дугаар зэргийн одонг 2992 ээжид олгож, шагналаа. Энэ нь та бүхний юутай ч зүйрлэшгүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж байгаа нэгээхэн хэлбэр билээ. Алдарт эхийн 1, 2 дугаар одонг төр засгийн бусад тэтгэмж дагалддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээсэн юм. Хуулиар 4 болон түүнээс дээш хүүхэдтэй бол 2 одон, 6 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 1 дүгээр одон авдаг билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.