Орхон аймагт “Хүүхдийн баяр” 2000 хүүхдийн жагсаалаар эхэллээ. Энэ жил Хүүхдийн баярыг тус аймаг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэж байна.
Баярын нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ, “Бид хүүхэд та бүхний өмнө тулгарч буй аливаа эрсдэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх, язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө орон нутгийн бодлого, шийдвэрээ чиглүүлж байна. Үүний хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг, сум, багийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн үйл ажиллагааг сайжруулан тогтмолжуулах, “Хүүхэд хамгааллын байр” байгуулах зэрэгт бодлого, шийдвэрээ чиглүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо. “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийн соёл, урлагийн арга хэмжээнд 330 хүүхэд оролцож байна.
Эх сурвалж: www.Erdenet.mn