Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.
Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны дарга, Новосибирск мужийн амбан захирагч, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Москва хотын дарга нар бараалхах юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно. Талууд “Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай”, “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай”, “Эрчим хүчний яам хооронд цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.