2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 9 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 65 удаа, нийт 74 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38812.3 га ой, 27654.5 га хээр, нийт 66466,8 га талбай түймэрт өртсөн байна.
Өнөөдрийн байдлаар,Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 1 түймэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2, Тариалан суманд 1, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1, улсын хэмжээнд нийт 7 түймэр асч байна.
Дээрх түймрүүдээс Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 1, Тариалан суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 160 албан хаагч, 10 автомашинтайгаар, орон нутгаас 174 иргэн, 13 автомашин, 62 морьтойгоор, нийт 334 хүн, 23 автомашин, 62 морьтойгоор ажиллаж байна.
Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангай, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийн голомтод 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.
Дээрх 74 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1314 албан хаагч, 143 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 129 албан хаагч, 10 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 150 албан хаагч, 8 автомашин, Цагдаагийн байгууллагаас 34 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 2504 иргэн, 280 автомашин, 42 мотоцикл тус тус дайчлагдан нийт 4131 хүн, 442 автомашин, 42 мотоцикль, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.