Анх Украйн Улсын засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай НҮБ-д албан ёсны хүсэлт гаргасныг үндэслэн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж 57/129 дугаар тогтоол гаргасан байдаг.
Уг тогтоолыг үндэслэн "НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр"-ийг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил бүр тэмдэглэх болсон.
Энэ өдрийг сонгож авсан нь их учиртай. НҮБ-аас 1948 онд Араб-Израйлийн дайны дараа байгуулсан гал зогсоох гэрээг хянах зорилгоор анхны энхийг сахиулах "UNTSO" нэртэй ажиллагааг 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй юм. Энэ баярыг дэлхийн олон улс орнууд, ялангуяа НҮБ-ын их хэмжээгээр цэрэг хандивлагч улсууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 14000 цэнхэр дуулгатан цэргүүд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцжээ.