“Тээлийн улаан ямаа”-нд үзлэг, ангилалт хийлээ

“Тээлийн улаан ямаа”-нд үзлэг, ангилалт хийлээ


7 жил

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өсгөн үржүүлж байгаа Тээлийн улаан ямааг Алтайн улаан үүлдрийн ямаагаар сайжруулсан үржлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ашиг шимийн түвшнийг тогтоох, мэдээллийн сан болон цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор үзлэг, ангилалт хийсэн байна.

Ахмад мал зүйч С.Дүгэрсүрэнгийн удирдсан мэргэжилтнүүд 1984 оноос эхлэн тус ямаан сүргийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын улаан ямаагаар сайжруулан үржлийн ажлыг явуулсан байдаг. Үүний дүнд тус суманд “Тээлийн улаан ямаа” бий болсон түүхтэй. Нарийнтээл сумынхан 2013 онд Сум хөгжүүлэх сангийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Алтай сумын “Алтайн улаан үүлдэр”-ийн 120 ухна худалдан авч сайжруулалт хийжээ.

Энэ удаагийн үзлэг ангилалтад нийтдээ 1300 ямааг хамруулж, шилмэл ангийн 300 гаруй эм ямааг ээмэглэж, “Алтайн улаан үүлдэр”-ээр сайжирсан 60 гаруй ухна ишгийг шилж сонгон, ухна, эм ямаа, охин борлонгоос ноолуурын дээж авч шинжилгээнд хамруулсан байна.

Үзлэг ангилалтын ажлыг ирэх 10 дугаар сард дахин хийж, шилмэл эм ямааг ялган суурилж, шилмэл ухнаар хээлтүүлэх ажлыг нутгийн малчидтай хамтран зохион байгуулах юм байна.

Цаашид 2018 оноос эхлэн “Тээлийн улаан ямаа”-ны үржлийн цөм сүрэг бий болж, тус аймгийн хэмжээнд дутагдаж буй хээлтүүлэгчийг хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү