Шадар сайд Манлайлагчдын форумд оролцов

Шадар сайд Манлайлагчдын форумд оролцов


7 жил

Манлайлагчдын форум нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Мексик Улсын Канкун хотод зохион байгуулагдлаа. Форумыг Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч ноён Энрик Пена Ниэто даргалсан бөгөөд тус форумд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Дэлхийн банкны ерөнхийлөгч, Төрийн сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Олон Улсын Улаан загалмай, улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн холбоо, орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид, бизнесийн байгууллагууд, иргэдийн төлөөлөгчид оролцож, гамшгийн улмаас эдийн засагт учрах хохирлыг бууруулах, хувь хүн, олон нийт, улс орон болон дэд бүтэц, барилга байгууламж зэрэг тэдний өмч хөрөнгийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх практик шалгууруудыг тодорхойллоо.

Энэ форумд Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх оролцож Монгол Улсын Засгийн газраас Канкуны Дэлхийн чуулганд оролцож буй бүх улс орнуудад хандан гамшгийн эрсдэлийг бууруулах талаар доорх асуудлуудад хүчин чармайлтаа гарган ажиллахыг уриаллаа.

Энэ уриалгад 1. Бүх бүс нутгуудын хэмжээнд өсөн нэмэгдэж буй хотжилт, хүн амын төвлөрөлийг дагасан эрсдэлийг бууруулах зорилгоор гамшигт тэсвэртэй хот, дэд бүтцийг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх, барьж байгуулах, 2. Гамшгийн хохиролын болон гамшгийн эрсдэлийн мэдээ, мэдээллийн нэгдсэн сүлжээг дэлхийн түвшинд байгуулах, улс хооронд харилцан солилцох мэдээллийн дэд бүтцийг бий болгоход хамтран ажиллах, 3. Гамшигт тэсвэртэй хот суурин газрыг бий болгоход улс төрчид, парламентын гишүүдээс эхлээд иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэний идэвхтэй оролцоог хангах, манлайллыг уриалан дэмжих, 4. Олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг механизмуудын нягт хамтын ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлыг онцолсон.

Уриалгыг Манлайлагчдын форумын төлөөлөгчид нааштайгаар хүлээн авч талархал илэрхийлсэн бөгөөд Монгол Улсад 2018 онд зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд амжилт хүслээ.  

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ Сайд нарын бага хурал нь бүс нутгийн улс орнууд Канкуны Дэлхийн чуулганаас гарах шийдвэр болон санал санаачлагуудыг дэмжин хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас санал болгож буй гамшигт тэсвэртэй дэд бүтэц хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зэрэг сэдвээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, бодит шийдэлд хүрэх, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн 2020 он хүртэлх дунд хугацааны зорилтуудыг Сендайн мониторингийн шалгуурт нийцүүлэн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Энэхүү форумаас өндөр түвшний төлөөлөгчид “Канкуны хамтарсан мэдэгдэл”-ийн баримт бичгийг батлан гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү