Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд нээлттэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д танилцууллаа. Танилцуулгад УИХ, Засгийн газрын гишүүд, Тамгын газар, Хэрэг эрхлэх газрын зөвлөх, референтүүд болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, иргэд оролцож, хорооны бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов. Ингэснээр үйл ажиллагааныхаа жилийн тайланг олон нийтээр хэлэлцүүлэн дүгнүүлсэн анхны төрийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо болж байна.
Монгол Улсын банкнаас бусад санхүүгийн зах зээл буюу даатгалын, үнэт цаасны, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарууд өнгөрөгч онд хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдалд ажилласан ч гэлээ Хорооноос авч хэрэгжүүлсэн мөчлөг сөрөх бодлогын үр дүнд салбар бүрээр өсөлттэй гарсан байна.
Танилцуулгыг нээж СЗХ-ны дарга С.Даваасүрэн хэлсэн үгэндээ “ ...Нийгэм, эдийн засгийн хүндрэлийн улмаас Хороо бодлого, үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт оруулж, бүртгэл зөвшөөрөл, хяналтын байгууллагаас санхүүгийн салбарт бодлогын зохицуулалт хийж, хөгжүүлдэг, эрсдэлийг бууруулж, эрх ашгийг хамгаалдаг институци болох ойрын болон дунд хугацааны стратеги зорилгоо тодорхойлж, зорилтуудаа төлөвлөлөө. Бага зардлаар, үр дүнтэй хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагын улмаас эрсдэл суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн санхүүгийн салбарын банк давамгайлсан өрөөсгөл бүтцийг олон тулгуурт тогтолцоонд шилжүүлэх томоохон зорилтыг тавьж, улмаар хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдэлээс сэргийлэхийн тулд ялангуяа хөрөнгө, санхүүгийн удирдлагын бизнесийг судалгаа шинжилгээнд суурилсан мэргэжлийн үйл ажиллагаа болгон хөгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг тодорхойлон ажиллаж байна. Хорооны эрх зүйн байдлын тухай болон салбарын хуулиудыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ зохицуулалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, зах зээлийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэхэд хүч, анхаарлаа хандуулж байна” гэлээ.
Хорооны танилцуулгыг сонссон оролцогчид ББСБ-ын дүрмийн сангаа нэмэгдүүлэх хугацааг анхаарах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, үнэт цаасны зах зээл дэх бүртгэлийг цахимжуулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэх, давхар даатгалаар гадагшилж буй мөнгийг дотооддоо үлдээх, өвөрмөц зохицуулалт хийх гэх мэт олон ажил хэрэгч санал гаргаж, тэр бүрт Хорооны холбогдох газрын дарга нар хариу тайлбар, мэдээлэл өглөө.
ЭЗБХ-ны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Ундармаа тайлангаа зах зээлд оролцогчид, мэргэжлийн холбоод, иргэддээ нээлттэй танилцуулж байгаад Хороонд талархаад, “Та бүхэн санхүүгийн зах зээлийн бодлогын асуудлаар УИХ-ын тогтоолд тусгуулах саналаа ирүүлж, шийдвэрлүүлбэл нээлттэй хүлээж авна” гэлээ.