Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав

Агаарын харилцааг хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав


8 жил

Бүгд Найрамдах Чех Улс хуучин Чехословак Улс байхад Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшиж, тээврийн салбарт Кароса загварын автобус ашиглаж байсан гээд олон жилийн уламжлалт харилцаа өнөөдөр дахин сэргэж байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны дэд сайд Мартин Смолектай санал солилцож, Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гролловатай "Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах боломжуудыг нээх таатай орчин бүрдэж, шууд болон захиалгат нислэгээс гадна аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бий болж байна. Цаашид БНЧУ-ыг Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжтой гэдгийг албаныхан хэлж байв. Мөн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн газрын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, бусад агаарын тээврийн байгууллагууд сонгон үйлчлүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой аж.

Гарын үсэг зурах үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Монгол Улс, БНЧУ-ын тээврийн хамтын ажиллагаа нь эдийн засгийг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой тул цаашид Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Ингэснээр Монгол, Чех хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх үр өгөөжтэй юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү