Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд У Суныг хүрэлцэн ирсэнд талархаад БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай явагдаж, ноён Мун Жэ Ин ялалт байгуулсанд баяр хүргэе гэв.
Тэрбээр, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор жил бүр хоёр удаа зохион байгуулагддаг Монгол-Солонгосын бизнес форум түр хугацаанд хойшлогдсон билээ. Энэхүү форумд хоёр тал өндөр ач холбогдол өгдөг. Тийм ч учраас шинэ Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлж, ажил нь жигдрээд ирэхлээр тус форумыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ хүрээнд эрхэм Элчин сайд таныг дээрх асуудалд анхаарлаа хандуулж, цааш нь уламжилж өгөхийг хүсье хэмээв.
Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр тодорхой гэмт хэргүүд гарах болсныг дурдаад энэ хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг Солонгосын холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах чиглэлд туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Элчин сайд У Сун “Хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлье. Солонгос-Монголын бизнес форумын тухайд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор завсарласан. Удахгүй шинэ Засгийн газар бүрдвэл форум маань үргэлжилэн явагдана гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар Монголын Авлигатай тэмцэх газартай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага Солонгост байхгүй" гэлээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газар байгуулах асуудлыг хөндөж, ойрын хугацаанд байгуулагдах товтой байгаа. Харин төстэй үйл ажиллагааг БНСУ-ын Прокурорын байгууллага хариуцан ажилладаг. Тиймээс Монголын Авлигатай тэмцэх газрыг БНСУ-ын Прокурорын байгууллагатай мэдээлэл солилцох, хамтрах чиглэлд нааштай хариу өгөхийг хичээн ажиллая” гэсэн хариултыг Элчин сайд У Сун өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.