Улсын гуравдугаар төв эмнэлгээс санаачилан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Хаан Банкны “ХААН БАНК САН”-гийн дэмжлэг санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлэхээр болж 2017 оны 05 сарын 17-ны өдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, аяны хүрээнд хамтран ажиллах гэрээнд 2 байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа. УГТЭмнэлгийн хамт олон “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы төслийн саналаа 2015 оноос эхлэн “ХААН БАНК САН”-гийн удирдах зөвлөлд шат дараатайгаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, уг аяныг хэрэгжүүлэх бодит ажил болгож чадсан байна.
Жил бүрийн 05 сарын 17-ны өдөр "ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР”–ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрөөр тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон “ХААН БАНК”-тай хамтран хэрэгжүүлэх аяны нээлтээ хийж мөн “Цусны даралт ихсэх өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр УБ хотын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд сургалт, семинарыг Кенпински зочид буудалд зохион байгууллаа.
“ХААН БАНК” нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндийн салбарт багагүй дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг байгууллага төдийгүй Монгол улсын 330 сум, дүүрэг, сууринд салбар нэгжтэй цорын ганц банк учраас аяны хүрээнд “ХААН БАНК”-ны бүхий л салбаруудаар дамжуулан Цусны даралт ихсэх өвчин түүний эрсдэлт хүчин зүйлс, энэ өвчний гол хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээс өвчний талаар, мөн зүрх судасны өвчний шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хандлага, дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 40-өөс дээш насны иргэдийн дунд цусны даралт ихсэлтийн эрт үеийн илрүүлгийг хийж, тархины харвалт, зүрхний шигдээс зүрхний дутагдлаас сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд голлон анхаарлаа хандуулах юм. Мөн УБ хотын “ХААН БАНК”-ны хамгийн том 4 салбар дээр даралт үзэж хянах хамгийн сүүлийн үеийн аппаратууд суурилагдаж, банкны теллерүүдийг эрүүл мэндийн анхан шатны зөвлөгчөөр бэлтгэн сургах зэрэг олон ажлууд төлөвлөгдөн хэрэгжих юм байна.
Аяны хүрээнд хамтрагч талууд бүх төрлийн мэдээллийн сувгаар дамжуулан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт зохион байгуулах юм. Аяны үйл ажиллагаа эхний шатанд хүн амын төвлөрөл ихтэй УБ хотод шат дараатайгаар явагдаж улмаар цаашид орон нутагт бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэхээр урьдчилан төлөвлөөд байгаа юм байна.