Хүн амын дундах Сүрьеэ, бэлгийн замын дамжих халдварт өвчний тархалтаар Дархан-Уул аймаг өндөр үзүүлэлттэй байгаа ба өвчлөл тууштай буурахгүй байгаа юм. Сүрьеэ, бэлгийн замын дамжих халдварт өвчнөөр өвчилсөн нэг хүний цаана олон хүн халдвар авч, өвчилөх боломжтой болсон байдаг тул эдгээр өвчлөлийг нийгмийн халдварт өвчин гэдэг.
Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн үүрэг биш, иргэд, хамт олон, аж ахуй нэгж байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвхи оролцооноос ихээхэн шалтгаалдаг. Иймд дэлхий дахины болон Монгол улс, Дархан-Уул аймгийн сүрьеэ, бэлгийн замын дамжих халдварын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, баримталж байгаа хууль эрх зүй, бодлогыг танилцуулах, удирдах ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, улмаар идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг ЭМЯ, Глобаль сангийн БЗДХ, ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслөөс санхүүжүүлэн, Аймгийн ЗДТГ, НБХ, ЭМГ хамтран зохион байгуулж, Аймаг, сумдын Иргэдийн хурлын төлөөлөгчид, сумдын засаг дарга, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Зөвлөгөөний үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинбат нээж, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч П.Үнэнчимэг, сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын эмч П.Янжиндулам нар Сүрьеэ, БЗДХ/ХДХВ/ДОХ өвчний өнөөгийн байдал, орчин үеийн чиг хандлага, бодлого, хууль эрх зүйн орчин, сэргийлэх, бууруулах арга хэмжээ сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж байна.
Мөн зөвлөгөөнийг үргэлжлүүлж Дархан-Уул аймгийн НЭМТ-ийн хөтөлбөрийн зохицуулагч эмч Б.Цэрмаа, Б.Гэрэлмаа, нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч Г.Туул нар аймгийн хэмжээний БЗДХ, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр илтгэлүүд тавигдах ба эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлж зөвлөлдөх бүлгийн ажлуудыг зохион байгуулж, нийгэмд хандсан уриалга, зөвлөмжийг гаргах юм.