Сарлагийн баяр болно

Сарлагийн баяр болно


8 жил

Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Ёлын аманд энэ сарын 27-нд “Сайханы сарлаг-2017” арга хэмжээ болох гэж байна. Эдүгээ зургаа дахь жилдээ болох гэж буй сарлагийн баярт тус аймгийн сарлаг бүхий долоон сумын төлөөлөл оролцохоо мэдэгджээ.

Сарлагийн баярыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, сарлаг бүхий сумдын ЗДТГ хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 2000 оны үед Өмнөговь аймаг 4000 гаруй сарлагтай байсан аж. Зуданд хорогдож улмаар 2010 он гэхэд 197 толгой болсон гэдэг. Тиймээс говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, тоо толгойг нь нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой уг баярыг тэмдэглэн малчдаа урамшуулсны үр дүнд сарлагийн тоо толгой 1000-д хүрсэн байна.

“Сайханы сарлаг-2017” баярт оролцох сум бүр олон нийтийг хамруулсан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах аж. Түүнчлэн сарлагийн баярт оролцуулахаар авч ирсэн сарлаг бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгох юм байна.

Сарлагийн сүргээ авч ирэхдээ малчид нялх тугалтай үнээ авч ирэхгүй байхаар зохицуулжээ. Хэрэв нялх тугал авч ирсэн тохиолдолд малчид өөрсдөө аюулгүй байдлыг нь хангах нь зүйтэй гэдгийг зохион байгуулах комиссоос анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү