Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.
Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Л.Болд, С.Чинзориг нар тогтоолын төслийн болон хавсралтын нэрний “2016-2020” гэснийг “2017-2020” гэж өөрчлөх, хугацааг ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаархи 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтуудыг төслөөс хасах, мөн 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах, тогтоолын төслийн 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх, төслийн хавсралтын Дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.