Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа


8 жил

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал  танилцуулав.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дэгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр  санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг “5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.”, төслийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг “9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох 23 хуульд өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг 57.4-70.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү