Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдлаа


8 жил

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан /2017.05.17/ болж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, биелэлт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаарх мэдээллийг Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн хийсэн юм. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар нь дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шалгуур үзүүлэлтийг үндэсний түвшинд тодорхойлох, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудтай хөгжлийн бодлогоо уялдуулах, тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн үндсэн дээр зорилгод хүрэх арга замыг шат дараалалтай тодорхойлох гэсэн үндсэн гурван хүрээнд зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүд, аргачлал, арга зүйн бэлэн байдлын үнэлгээг НҮБХХ, ҮСХ хамтран 2015 оны 11 дүгээр сард албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг хамруулан хийсэн бөгөөд нийт 224 үзүүлэлтийн үнэлгээг хийсэн. Энэхүү ажлын хүрээнд нийт 224 үзүүлэлтээс 211 үзүүлэлтийн (Монгол Улсад хамаарахгүй 13 үзүүлэлтийг хассан) үнэлгээг хийсэн. Үнэлгээний үр дүнд нийт Монгол Улсаас гарах Тогтвортой хөгжлийн зорилгын 257 үзүүлэлтээс бэлэн байгаа 45, тооцоолол бага зэрэг хийсний дараа гаргах боломжтой 64, тооцоолол нэлээд хийсний дараа гарах боломжтой 28, мэдээллийн эх үүсвэр бий болгох шаардлагатай, олон улсын байгууллагаас гарах 5, тодорхой бус 21, тухайн үед хэлэлцэгдэж байсан 22 үзүүлэлт байна гэсэн дүгнэлт гарсан. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газраас дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлууд, мөн НҮБ-ын харъяа болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буй чиглэлийг танилцуулав.

Дараа нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын биелэлт, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл хийв. Тэрээр, НҮБХХ-ийн туслалцаатайгаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн бэлэн байдлын анхны үнэлгээг Үндэсний статистикийн хороо үндэсний болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн эх үүсвэрт хийсэн. Үнэлгээг “гаргахад бэлэн”, “бага зэргийн тооцоолол хийж гаргах”, “нилээн их тооцоолол хийж гаргах ”, “ мэдээллийн эх үүсвэр бий болгох”, “ гадны байгууллагаас гаргах”, “ тодорхойгүй”, “үзүүлэлт нь хэлэлцэгдэж байгаа” гэсэн шалгуураар тухайн үед олон улсын түвшинд тодорхойлогдоод байсан  224 үзүүлэлтүүдээс Монгол Улсад гарах боломжгүй 13 үзүүлэлтүүдийг хасаж, нийт 211 үзүүлэлтүүдийг хамруулан хийв. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо нь Тогтвортой хөгжлийн зорилттой холбогдуулан ойрын хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлууд болон цаашид авах арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахад судалгаа шинжилгээг хийхэд учирч буй бэрхшээл болон монгол орны онцлогийг хэрхэн тусгасан талаар тодруулав.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн өгсөн тайлбартаа, тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлоход зайлшгүй судалгаа хийдэг төдийгүй шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад анхааран ажилладаг. Түүнчлэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн мэргэжлийн хүмүүсийн оролцоо болон мэдээ, мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болохыг тэмдэглэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа санал хэлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг нар Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, чиг үүргийг нь өөрчлөх санал илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 он хүртэлх төлөвлөгөөг боловсронгүй гаргуулах санал хэлж байв.

Ийнхүү өнөөдрийн хуралдааныг дүгнэж УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг хэлсэн үгэндээ, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо болон УИХ-ын гишүүдээс гарсан саналыг тусгаж холбогдох Байнгын хороодод танилцуулья. Түүнчлэн бусад яам, мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл болон судлаачдыг оролцуулан Үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаар хамтран ажиллая гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү