УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ


8 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2017.05.17) хуралдаанаар Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 100 орчим бодлогын арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан байна.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан бодлогын 100 орчим арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, хэлэлцэж буй хөтөлбөрийн төсөл дэх арга хэмжээний ихэнх нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор тусгагдсан байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцолж “Шийдэгдээгүй байгаа, энэ сарын 25-нд эцэслэгдэх ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Үндсэн чиглэлийн төслийг бид урьдчилаад өнөөдөр хэлэлцэх нь хэр зохимжтой вэ” хэмээн асуув. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Монгол Улсын Их Хурал төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэн батална” гэж тус тус заасан байдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Хэрэв УИХ энэ сарын 25-31-ний өдрийн хооронд дээрх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах боломжтой гэж үзвэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаарх эцсийн шийдвэрийг хүлээхээс татгалзах зүйлгүй гэлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төсөлд аудит хийгдсэн эсэхийг тодруулав. Мөн тэрбээр энэхүү төсөлд тусгагдсан бодлогын 100 гаруй арга хэмжээ хэрэгжих боломжтой эсэх талаар Үндэсний хөгжлийн газар болон Монголбанкны байр суурийг тодруулсан юм. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газрын төлөөлөл багтдаг, тиймээс аудит хөндлөнгийн хяналт явуулж, аудит хийх бололцоо байдаггүй талаар Монгол Улсын Ерөнхий аудитор хариулт өгөв.

Хэлэлцэж буй Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн түвшинг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны чанарыг дээшлүүлэх талаар тодорхой зүйл тусгагдаагүй байгаад УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар шүүмжлэлтэй хандаж, тодорхой саналууд гаргаж байв. Ипотекийн зээл ирэх 2018 онд хэрэгжих эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад өнөөдрийн байдлаар олгогдсон байгаа 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй сар бүрийн төлөлтөөс зээлийн үндсэн төлбөр болох 25 орчим тэрбум төгрөгийг Монголбанк эргүүлээд гаргаж байгаа нь жилд 300 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоолол бий хэмээн хариулт өгөв. Харин ипотекийн зээлийн хүүгийн орлогыг төсвийн зарлага талд төлөвлөсөнд ОУВС үүнд шүүмжлэлтэй хандсан учир 111 тэрбум төгрөгийг төсвийн зарлага талд эргэн төлөгдөх цэвэр зээл болгон тусгасан гэлээ. Ирэх 2018 оны хувьд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжийг судлахаар холбогдох газруудын төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуллаа. Зэвсэгт хүчин болон хорих байгууллагууд Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцуулах чиглэл баримтлах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлэв. Улс орны хөгжлийн ойрын төлөвлөлт, зорилт бүхий энэхүү Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдах хэдий ч энэ удаа хэт болгоомжилсон, хүрэх түвшингүүдийг хамгийн багаар тооцон оруулсан байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүмжлээд, макро эдийн засгийн суурь нөхцөлийг сайжруулах замаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дотооддоо авч хэрэгжүүлж болох зарим арга хэмжээний талаар санал хэллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн тодорхой загвар харагдахгүй, жагсаалтад байгаа бодлогын 100 орчим арга хэмжээ хоорондоо хэрхэн уялдаж, нийлээд ямар үр дүнд хүрэх, үүний тулд хэрхэн харилцан нэг нэгийгээ дэмжих нь тодорхой бус байна гэдэг саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд хөтөлбөр хэрэгжих хугацаанд улс төрийн шалтгааны улмаас урьд хийж чаддаггүй байсан макро эдийн засгийн түвшинд хийх засваруудаа зоригтой хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт аван, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явуулав. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Мөн тус төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулахаар тогтов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү