УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хийв. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн аж.
“Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн хэмээн танилцуулав.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс шалтгаалахгүйгээр батлах боломжтой гэж ажлын хэсэг үзжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо.