УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2017.05.17/ хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи танилцуулгыг хийсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав.
Хуралдааны төгсгөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ” гэж тусгагджээ. Мөн “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө” гэж тусгагджээ. Мөн “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалт тусгагдсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын Х.Нямбаатар уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.