Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


8 жил

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны /2017.05.17/ хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зөвлөх С.Нямжав, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаараа танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаархи Ажлын хэсгээс гаргасан 30 саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Мөн төслийн 34 дүгээр бүлэгт 34.18 буюу “Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах” хэсгийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Уг хэсэгт “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажилллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, прокурорт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар тусгагджээ.

Харин Ажлын хэсгээс гаргасан 24-29 хүртлэх саналын томъёоллууд нь анхны хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй учир санал хураах шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь үзлээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэсэн агуулгатай зүйл нэмэх Ажлын хэсгийн санал  хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналыг авч чадсангүй.

Ингээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн уг хуулийг дагасан холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлах саналыг ч хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг оруулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Мөн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д танилцуулан, батлуулах саналыг ч хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү