“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ


8 жил

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар заалтын дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийг тохирох хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэн байгуулдаг.

Иймд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулаад буйг сайд А.Цогцэцэг тэмдэглэв.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм байна.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү