Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 17-18-нд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж байна.
Хил хамгаалах ерөнхий газрын хувьд хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгохоос гадна архивын бүх төрлийн үйлчилгээ, өргөдөл гомдол, байгууллагын хүний нөөц болон боомтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн гэрээт хилчний талаар тодорхой ойлголт өгч хугацаат цэргийн алба хаагчидтай утсаар яриулах, хил нэвтэрсэн лавлагаа олгох зэрэг үйлчилгээ явуулж байна.
Дашрамд дуулгахад, Хил хамгаалах байгууллагын уламжлал, шинэчлэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, хил хамгаалах албаны талаарх ном товхимолыг дэлгэн үзүүлж Монгол Улсын хилийн түүхийг иргэдэд таниулж буй юм.