Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатар-2017” Үндэсний Аялал Жуулчлалын үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох тус үзэсгэлэн нь нийт иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Энэ жил “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөжээ.
Цар хүрээний хувьд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын аутбаунд компани, авиа компани, олон улсын билет борлуулалтын төв,их дээд сургууль, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм байна.