Зөрчил гаргавал 10 мянгаас 100 сая төгрөгөөр торгоно

Зөрчил гаргавал 10 мянгаас 100 сая төгрөгөөр торгоно


8 жил

УИХ өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Нийтдээ 1600 орчим зөрчлийг дээрх хуулиар зохицуулахаар болж байна. Мөн дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулна. 

Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэнэ. Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжинэ. Хуульд заасан онцлог заалтуудаас тоймлон хүргэж байна. 

Шүлсээ хаявал 10000 төгрөгөөр торгуулна

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ногоон гэрлээр гарахгүй бол 25000 төгрөгөөр торгуулна

Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25000 төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000 төгрөгийн торгууль төлөх юм. 

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна. 

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно. 

Авто зам, замын байгууламжийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно. 

Халаасны хулгай хийвэл баривчилна

Олон нийтийн газар үйлчлүүлэхдээ иргэдийн амар тайван байдал алдагдуулж, агсам согтуу тавих, эд хөрөнгийг нь сүйтгэвэл танхайрсан гэх зүйчлэлээр баривчилна. Мөн халаасны хулгай хийвэл, гэр бүлийнхнээ айлган сүрдүүлж дарамталбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчлах шийтгэл ногдуулна.

Баривчлах хугацаа 7-30 хоног байна. Баривчлах байр нь саатуулах байрнаас тусдаа мөн энэ хугацаанд албадан сургалтад хамруулна. 

Албадан жагсаалд оролцуулсан бол торгуулна

Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл шахалт дарамт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гүтгэвэл иргэн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулна 

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ нь иргэнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

Банкны тухай хууль зөрчвөл 100 сая төгрөгөөр торгуулна 

Зөрчлийн хуульд хамгийн дээд торгуулийг 100 сая төгрөгөөр тогтоосон юм. Энэхүү торгууль нь Банкны тухай хуультай холбогдож “суужээ”. Тухайлбал, Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуурамч дуудлага, мэдээлэл өгвөл торгуулна

Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Зорчигч төлбөрөө төлөөгүй бол 10 мянгаар торгуулна

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол 10 мянган төгрөгөөр торгоно. Одоо үйлчилж байгаа журмаар 1000-5000 төгрөгийн торгууль ногдуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү