Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд оролцлоо


8 жил

Монгол Улсын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн багш, профессорууд Төрийн ордонд чуулж байна. “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ.

 Тэрээр,

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байх зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх, эмнэлгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэд хяналт тавих боломжтой болгох, иргэн эмнэлгээ, эмчээ сонгодог болоход эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдээс өндөр үүрэг хариуцлага шаарддаг болсон өнөө үед Засгийн газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр шуурхай ажиллаж байна. Тухайлбал, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай”, “Донорын тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсны зэрэгцээ “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээж, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж эхэллээ.

Бид эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан байсан 16 тэрбум төгрөгийн өрийг барагдуулснаар эрүүл мэндийн салбар 2016 онд анх удаа өргүй хамт олон болсон. Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийснээр түргэн тусламжийн автомашингүй байсан 159 сумын эрүүл мэндийн төвийг автомашинаар хангалаа.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шаардагдах 10 нэр төрлийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь дааж үнэгүй олгосон, хүүхдээ гэрээр асрах эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь эмнэлгийн ачааллыг бууруулж, өвчний тархалтыг хязгаарлахад үр дүнтэй арга хэмжээ болсон.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгах зардал, цусны хавдартай иргэдийн эмийн зардлыг төрөөс хариуцаж, элэгний В, С вирүсийн халдварыг илрүүлэх шинжилгээ болон эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гемодиализ эмчилгээ хийлгэж чадахгүй байсан иргэдэд тусламжийг бүрэн үзүүлдэг боллоо.

Эрүүл мэндийн салбарын царцаагдсан барилгууд, тухайлбал Түлэнхийн төв, Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймгийн 50 ортой төрөх эмнэлэг зэрэг эмнэлгийн барилгуудын санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан дээрх бүх шийдвэрүүд нь иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлээд зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулсан чухал үйл ажиллагаа болсон юм.

Бид “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хууль”-ийг шинээр, “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангах, санхүү хөрөнгө, хүний нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эрүүл мэндийн ажилтны цалин, урамшуулал, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын ачаалал, гүйцэтгэл, хариуцлага, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл, онцлогтой уялдуулах, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.

Монголын ард түмний итгэлийг дааж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Та бүхнээсээ хүсч байна.

Ингээд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчихгүй зогсож байгаа Монголын цагаан нөмрөгт баатрууд Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг дахин хүсч, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү