Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ

Хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүслээ


8 жил

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ийн Дэд Ерөнхийлөгч Марк Сандбэрг, бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх захирал Жонатан Брүүкс тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр  хуралдаж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хүргүүлсэн төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг хүлээн авч хэлэлцээд, зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг дараагийн шатанд нарийвчлан судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах шийдвэр гаргасан байна.  



Дээрх шийдвэртэй холбогдуулан “Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд хэлэлцээрийн гэрээлэх үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ус хангамжийн дэд бүтцийн хөтөлбөр тусгагджээ. Тухайлбал:

o   Газрын доорх усны эх үүсвэрээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх,

o   Цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах,

o   Улаанбаатар хотын ус ханамжийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулах зэрэг ажилд чиглэгдэх юм.



Мөн энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын зүгээс Улаанбаатар хотын гэр хорооллын хөрс, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнд төслийн зарим хэсгийг чиглүүлэх нь зүйтэй гэдэг саналыг БОАЖ-ын яамны зүгээс өгсөн ч тусгагдаагүй байгаа талаар лавлахад Мянганы сорилтын корпорацийн зүгээс холбогдох тайлбарыг өгч байлаа. Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Америк, Монгол хоёр орны харилцаа улам өргөжин тэлж, тэр дундаа байгаль орчны салбарт маш үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлон хэлээд, цаашдаа Улаанбаатар хотын гэр хорооллын хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү