Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног үргэлжилж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног үргэлжилж байна


8 жил

“Хурдаа хасч- Амь насаа аваръя” уриан дор замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоог багасгах, түүнээс үүдэх ноцтой гэмтэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног”-ийн ажлыг НҮБ-аас зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар олон нийтэд мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэлдээ, Осол гэмтэл бол өвчин биш, өөрийн хайхрамжгүй байдлаас, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас амь насаа алдахад хүрч байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ тал дээр яамдууд бодлогоо нэгтгэн, хамтран ажиллаж байгаа. Зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын гуравдугаарт орж явдаг. Үүнийг бууруулах боломж, гарц бидэнд байгаа хэмээн цохон хэлэв.

Түүнчлэн тэрээр ЗТХЯ -тай хамтран шинжилгээний сорьцыг тээвэрлэдэг болсноор иргэдийн хүлээгдэл чирэгдэл буурч, сэтгэл ханамж нэмэгдэж байна. Мөн өвчтөнг онгоцоор тээвэрлэх үед тухайн өвдсөн нэг хүнээс 3 хүний зардал авдаг байсныг чөлөөлж, 98 хувийн хөнгөлөлттэй зорчдог болсон зэрэг шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаагаа дурдсан юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ, Статистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослоор 2016 онд 17 197 хүн гэмтэж, 485 хүн нас барсны, 352 нь орон нутгийн замд гарсан осол байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах соёл алдагдсанаас болж хүний амь нас эрсэдсээр байна. Бид үүнд тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа гэв.

МУ-ын хэмжээнд 2016 оны байдлаар 107 559 хүн гэмтэж, 2431 хүн нас барсан ба бүртгэгдсэн осол гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байв, 2017 оны 1-р улиралд нийт 27 763 осол бүртгэгдсэнээс 3160 нь буюу 11.4 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байсан ба зам тээврийн ослоор 84 хүн нас баржээ.

Дэлхий дахинд зам тээврийн осол гэмтлийн улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтдэг. Зам тээврийн ослын нийт хохирогчдын 75 хувь нь эрэгтэйчүүд ба тэдгээрийн 69 хувь нь явган зорчигч, унадаг дугуй, мотоциклоор зорчигчид байдаг байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног”-ийг 5 дугаар сарын 8-ны өдрөөс 14-ний өдрүүдэд ЭМЯ, ЗТХЯ, ДЭМБ, НҮБ-ын ХС, НБГ, ЗЦА, НЭМҮТ, ГССҮТ, АХБ, МУЗН болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү